Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сингапурын Хүний нөөцийн яамны сайд нар угтан авлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сингапурын Хүний нөөцийн яамны сайд нар угтан авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тео Бүүн Хи нар угтан авлаа.

Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар