УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээлийг 2020 оны долоодугаар сард авсан байдаг. Уг мөнгө нь хүүгийн төлбөрийн хамтаар өнөөдрийн байдлаар 25 тэрбум төгрөгт хүрчээ. Гэтэл тус төлбөрөөс 825 сая 367 мянган төгрөгийг л Хөгжлийн банканд төлж, чанаргүй зээлийн ангилалд оржээ. Тус компани нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг огт хийгээгүй байна.
Мөн "Түгээмэл түмэн хишиг" компанийн авсан дээрх зээлтэй холбоотой 14.9 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байж болзошгүйг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тус компани нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 800 сая төгрөгийн зээл авч байжээ. “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын замд “Тайван зогсоол” /зогсоол, зочид буудал, хоолны газар/ байгуулсан гэдгээр нь олон нийт андахгүй.
Ташрамд дурдахад, А.Сүхбат аварга энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах юм.