“Авлигал”-аа Х.Нямбаатар биш АТГ нь, “Цэцэрлэг, сургууль”-аа Х.Нямбаатар биш Боловсролын яам нь ярьдаг баймаар байна

“Авлигал”-аа Х.Нямбаатар биш АТГ нь, “Цэцэрлэг, сургууль”-аа Х.Нямбаатар биш Боловсролын яам нь ярьдаг баймаар байна

Энэ долоо хоног /2022.08.03/-ийн Засгийн газрын ээлжит хурлаар "Улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгах ажлын хэсэг байгуулсан нь монголдоо онцлох сэдэв байсан бол, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Ненси Пелоси Тайваний аралд айлчилсан нь дэлхийн чухал сэдэв байлаа.

Тэгвэл сүүлийн үед “ярихгүй, оролцохгүй” сэдэв гэж байхгүй болоод байгаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар, “Улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх ажлын хэсэг”-ийг ахлах аж. Мөн Засгийн газрын тус хурлаар, “Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоож, хяналт тавих ажлын хэсэг” байгуулах”-аар болсон нь том сэдвүүдэд дарагдаад өнгөрөв. Учир нь хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул ийм шийдвэр гарсан гэж тайлбарласан.  

-ЗАСГИЙН ГАЗРЫН “ЦЭР НЬ ЦЭЭЖИНДЭЭ, БӨӨР НЬ БӨГСӨНДӨӨ” БАЙХ ЁСТОЙ БОЛЖЭЭ-

Харин боловсролын салбарын энэ асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мөн л "сүржигнэл" нь дэндсэн мэдээлэл хийж, өөрийнх нь хариуцаж байгаа салбарт хамаарахгүй зүйлсийн талаар ярьсан юм.  Тодруулбал Х.Нямбаатар сайд, “Улаанбаатар хотод тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар ашиг сонирхлын үүднээс элсүүлэн сургадаг. Ялангуяа, нэр хүнд бүхий сургуульд хүүхдүүдийг шалгуургүй элсүүлэн авдаг байдлыг таслан зогсооно” гэв. 

Үнэндээ сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, тойргийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, тус салбарын сайд Л.Энх-Амгалан ярих ёстой болохоос Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хамаарах асуудалд биш.   

Цаашлаад Х.Нямбаатар сайд, “Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох ажлын хэсэгт Боловсрол шинжлэх ухааны яам, нийслэлийн боловсролын газар болон АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг хууль хүчний бүрэлдэхүүн багтсан. Бид дунд болон доод шатанд буй авлигыг таслан зогсооно” гэж сүржин мэдэгдэл хийсэн.  Гэтэл авлигыг таслан зогсоох талаар АТГ-ын дарга З.Дашдаваа ярих, шалгах ёстой болохоос Х.Нямбаатар ярьж байгаа нь зохимжтой зүйл биш. Нөгөө талаар АТГ-ын даргын томилгоог Хууль зүйн сайд биш Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ хийдэг.

Товчхондоо, Хууль зүйн сайд мөрдөн шалгах ажилд оролцоод, авлига илрүүлээд байдаг албан тушаал ч биш. Энэ нь хуулиар ч хориотой, боломжгүй.

Гэтэл боловсролын салбарын авлигыг таслан зогсооход “хууль хүчний бүрэлдэхүүн” багтаж байгаа гэх мэдэгдлийг Х.Нямбаатар “сүртэй” гэгч нь яриад зогсох боллоо. Энэ нь Засгийн газрын сайд нь хариуцсан салбарынхаа ажлыг хуулийн хүрээнд хийдэг, ёстой нөгөө “цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” байх ёстойг сануулж байна.

- “ЦЭР НЬ ЦЭЭЖИНДЭЭ, БӨӨР НЬ БӨГСӨНДӨӨ” БАЙДАГ УЛСЫН ЭСРЭГ ХЭН Ч, ЮУ Ч ХИЙЖ ЧАДСАНГҮЙ-

Тэгвэл “цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” байж төрийн эрх мэдлийнх нь бүтэц тодорхой улсын албан тушаалтнууд “хэний ч нөлөө”-нд ордоггүй, хэний ч өмнөөс ярьдаггүй хэрхэн ажлаа хийдгийг Нэнси Пелосигийн айлчлал манайд тод харууллаа. Учир нь түүний Тайваньд хийх айлчлалыг зогсоохын тулд БНХАУ-ын дарга Ши Жинпинь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай 2 цаг 17 минутын турш утсаар ярьсан ч зорилгодоо хүрч чадаагүй.

Тодруулбал, АНУ-ын цагаан ордноос мэдээлэл хийж, "Хууль тогтоох засаглалын тэргүүний Тайваньд хийх айлчлалыг гүйцэтгэх засаглал зогсоож чадахгүй нь. Асуудлыг хурцатгахгүй байхыг хүсье. “Нэг Хятад" бодлогын талаар баримтлах АНУ-ын байр суурь тодорхой бөгөөд "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй” гэж мэдэгдсэн.

Товчхондоо, АНУ-ын УИХ-ын дарга Нэнси Пелосийн айлчлалд нөлөөлж, Засгийн газар зогсоох боломж байхгүй зөвөөр ойлгоорой гэдгээ хэлсэн. Харин Пентагон “ямар ч үед бид Нэнси Пелосиг хамгаалах үүрэгтэй. Хурцадмал байдал битгий үүсгээрэй” гэж сануулаад Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудаа арлын ойролцоо байрлуулж, айлчлал дууссаны дараа буцааж байх жишээтэй. Үнэндээ бүтэц, эрх үүрэг нь тодорхой АНУ-ын системийн эсрэг Хятад улс юу ч хийж чадаагүй. Үүрэг чиглэл, хийх ажил, нийгмийн бүтэц нь тодорхой улс ийм л байдаг аж. Гэтэл манай зарим сайд нарт “оролцохгүй асуудал, ярихгүй сэдэв” гэж байхгүй болоод удаж байна.