УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.24) хуралдаанд Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон. Энэ хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарган Өмнөговь аймагт ажиллуулах, нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай байгааг санууллаа.
Тодруулбал, тэрбээр "Манай аймгийн хэмжээнд 900 гаруй малчин өрхийн 500-600 мянган мал отор нүүдлийн байдалтай зуслаа. Энэ зун Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумаас бусад нь буюу нийт нутгийн 95 хувь нь гантай байлаа. Мөн малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин гарсан. Нөхцөл байдал маш хүнд болсон. Энэ бүс нутаг руу зайлшгүй анхаарах шаардлагатай. Отор хийгээд явж буй малчдыг бусад аймаг, сумдын орон нутгийн удирдлагууд, малчид нь хөөх, төлбөр хураамж нэхэх асуудал гарч байна. Тэгэхээр отор, нүүдлийн аймаг дундын бүсийг тодорхой болгож квот тогтоомоор байгаа юм. Хилийн бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг руу өвөлжих бололцоог зохицуулж өгөхгүй бол болохгүй нь. Худаг ус гаргах ажлыг ч мөн дэмжиж өгмөөр байна. Энэ мэт асуудлаар аймаг, сумдын дарга нарын дунд гэрээ хэлцэл хийх асуудлыг зохицуулж зохион байгуулалтын ажлыг хийх өгмөөр байна. Яам онцгой анхаарна уу. Өвс, хадлан тэжээлээ татан авахад нь Засгийн газраас дэмжлэг үзүүлмээр байна. Говийн бүс аймагт хадлан бэлтгэхэд хүндрэлтэй тул өөр бусад газраас авахад зохицуулалт хийж өгөх шаардлагатай" гэлээ.
ҮЗЭХ: