УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Түүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын ТББХ-ны дарга Ж.Мөнхбат:-Дахин ийм асуудал гарвал яах вэ, буруу жишиг үр дагавар тогтоох вий гэж олон хүн ярьж байгаа тул Н.Энхболд гишүүнээр ахалсан ажлын хэсэг Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ч өөрчлөлт орж байгаа юм. Ингэснээр цаашид дахин дахин ийм зүйл гарах вий гэх асуудалд хязгаарлалт болох хууль эрх зүйн боломж бий болж байгаа юм. Цэцийн гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг зарим гишүүд дурдсан. Хуулинд туссанаар бол шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа хариуцлага тооцно гэсэн зохицуулалт бий.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:-Би том хуульч биш л дээ. Гэхдээ хуулийн гаргалгаа, уялдаа холбоо, логикийг гаргахтайгаа. Яагаад Үндсэн хуулийн Цэцийн нэг ч гишүүнийг оруулаагүй юм байна. Асуултаа хэнээс асууж, хариулт авах нь тодорхойгүй. Засгийн газрын асуудлыг хөндөх гэж, энэ хэдэн сайд нарыг солих гэж л Үндсэн хуульдаа гар дүрж байгаа юм уу даа гэж харж байна. Цаашдаа маш том хаалга нээж байна. Явж явж Их хурал Цэцийн есөн гишүүний тоглоом болж байна шүү дээ. Төрийн эрхийг УИХ бариад байна уу, Цэц бариад байна уу? Ийм асуудал хүртэл үүсч байна. Би уг нь Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна. Их том өр төлөөсөөр л энэ засгийн газрыг өөрчлөх нь дээ. Энэ утгаар Үндсэн хуульдаа гар дүрж байна. Хожим гарах үр дагавар нь ямар бол? Энэ хэдэн сайд нар, Засгийн газрыг өөрчлөхийн тулд их том хуйвалдаан хийсэн юм биш биз дээ. Ингэж хүртэл хардахад хүргэж байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Байнгын хорооноос хэлэлцэж буй хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтад нь батлах санал гаргаж, улмаар эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав.