УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.08.26/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Харин өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина гэх мэдээлэл байна. Энэ хуулиар Засгийн газарт ажиллах "давхар дээл"-тэй сайд нарын тоо тодорхой болно.
Хуулийн төслийг өргөн барьсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд өнөөдөр 15,17,19 цагт УИХ-ын чуулганы хуралдаан тус, тус хуралдаж дээрх хуулийг батлахаар байна. Мөн чуулганы хуралдаанаар Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус, тус хэлэлцэхээр болсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийхээ "зургийг" хоёр хувилбараар гаргасан байна. Тэрбээр ирэх амралтын өдрүүдэд ганцаарчилсан уулзалтууд хийх бөгөөд эцсийн хувилбар ирэх даваа гаригт л тодорхой болох аж. Учир нь энэ амралтын өдрүүдэд нэрс яаж ч өөрчлөгдөж мэдэх юм.
Үүний дараа буюу ирэх Даваа гаригийн /2022.08.29/ өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарыг дэмжих эсэх шийдвэрийг гаргана. Ингээд мягмар гаригт /2022.08.30/ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахар төлөвлөсөн гэж эх сурвалж мэдээллээ.