МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2022.08.25/ хуралдаж, Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг дэмжсэн. Эл шийдвэрийн дагуу Ховд аймгийн МАН-ын хорооноос Э.Болормаагийн нэрийг аймгийн ИТХ-д оруулж ирсэн юм.
Улмаар өнөөдөр өглөөнөөс хойш /2022.08.26/ Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдаж, Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлсэн ч одоог хүртэл шийдвэр гаргаагүй байна. Учир нь ИТХ дахь МАН-ын бүлэг хэд, хэдэн удаагийн завсарлагыг аваад байгаа юм. Хуралдааны үеэр ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн орлогч даргаар ажиллаж байгаа Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн.
Т.Дэлгэрсайхан энэ талаар хэлэхдээ "Би нэрээ татахгүй. Цаашдаа Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө бие, сэтгэлээ зориулах боломж байгаа гэж харж байгаа. Нөгөө талаасаа шат шатны түвшинд ажиллаж, Ховд аймгийнхаа 17 сумынхаа жаргал, зовлонг ойлгож, мэдэрч явдаг хүний хувьд аймгийнхаа иргэдийн сайн сайхны төлөө зүтгэнэ" гэсэн юм.
Тэгвэл уг томилгоотой холбоотой шинэ мэдээлэл эх сурвалжаас ирэв. Тодруулбал, заалнаас нэр дэвшиж буй Т.Дэлгэрсайхан нь завсарлага авсан энэ хугацаанд ИТХ-ын төлөөлөгчидтэй нэг бүрчлэн уулзаж тендер болон бэлэн мөнгө, албан тушаал амлан наймаалцаж буй аж. Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь Т.Дэлгэрсайханыг МАН-ын гишүүн Н.Ганбат нэр дэвшүүлсэн мэт харагдавч тус аймгийн АН-ынхан хөшигний ард ажиллаж байгаа аж. Тухайлбал, АН-аас Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлж Ховдын Засаг даргын албан тушаалыг авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Үүнийг мэдсэн зарим төлөөлөгчид Т.Дэлгэрсайханыг хууль зөрчин албан тушаал наймаалцаж байна хэмээн шүүмжилсэн байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.