"Оростой хамтарч цэргийн сургуулилт хийх"-ийг Ж.Энхбаяр биш, Г.Занданшатар даргатай УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой байв

"Оростой хамтарч цэргийн сургуулилт хийх"-ийг Ж.Энхбаяр биш, Г.Занданшатар даргатай УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой байв

Энэ сарын 1-7 /2022.09.01-07/-ны өдөр “Восток-2022” цэргийн сургуулилтыг ОХУ-аас зохион байгуулж байна. Энэ сургуулилтад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн болон ажиглагч орнууд болох Энэтхэг, Алжир, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол Сири, Тажикстаны цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Курилын арлуудын ойролцоо Япон эсрэг хийж байгаа гэх тус цэргийн сургуулилтад манай улс оролцож байгаа нь олон улсын анхаарлыг татаж, үүнээс үүдэн Монгол улсад сөрөг үр дагавар ч гарч болзошгүй нөхцөл байдал бий болоод байна.

-ДОЙЧЕ ВИЛЛЕ АГЕНТЛАГИЙН ТОЙМЧ: МОНГОЛ, ТАЖИКСТАН УЛС ОРОЛЦОЖ БАЙГААД ГАЙХАЖ БАЙНА-

Тухайлбал, Японы хэвлэлүүд тус сургуулилтын талаар тогтмол мэдээлж, "Financial times" сонинд “ОХУ, Хятад, Беларусь болон өрнөдийн эсрэг холбоотнууд хамтран "Восток 2022" цэргийн сургуулилалтад оролцож байна” гэсэн бол, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Оросын хийж байгаа цэргийн сургуулилтад оролцож буй ямар ч улсад санаа зовниж байна” хэмээн мэдэгдээд байна.

Мөн Германы “Дойче Вилле” агентлагийн тоймч энэ сургуулилалтад “Монгол, Тажикстан улс оролцож байгаад гайхаж байна” хэмээсэн бол, Голландын өдөр тутмын сонинд Монголыг Оросын дайныг дэмжигч гэж бичсэн байгаа юм. Энэ бол барууны орнууд бидний үйлдлийг дүгнэж буй дүгнэлт. Мэдээллийн эх сурвалжуудыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Нөгөөтэй, манай улсын гуравдагч хөрш Японы эсрэг явуулж буй энэ сургуулилтад Монгол оролцож байгаа нь барууны орнуудын “хорхойтой араа”-нд өөрөө гүйж ороод зуугдаж байгаагаас ялгаагүй юм. Учир нь Гадаад харилцааны яамнаас уг сургуулилтад Монголын цэргийн алба хаагчдыг оролцуулж болохгүй гэсэн сануулгыг өгсөөр байдал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр зөвлөмж боловсруулж түүнийгээ ҮАБЗ-өөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулаад явчихсан байх магадлалтай байгаа юм.

Украинд эхлүүлсэн дайнаас үүдэлтэйгээр Оросын цэргийн түрэмгийллийг дэмжсэн хэнийг ч болов Европын хоригт оруулах эрсдэлтэй цаг үе өнөөдөр таарч байгаа. Гэтэл геополитикийн ийм эгзэгтэй үед манай улс төвийг сахих байр сууриа хадгалахгүй ОХУ-тай хамтран “Ховд аймагт болсон “Сэлэнгэ 2022”, “Аравт” морин цэргийн уралдаан “Цэргийн ралли- 2022” цэргийн сургуулилтыг хийсэн нь олон  иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

-Ж.ЭНХБАЯР ЗӨВЛӨМЖ ГАРГАН ҮАБЗ-ӨӨР ШИЙДВЭРЛЭХ БУС УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ ЮМ-

Угтаа бол энэ мэт чухал асуудлаар Ж.Энхбаяр зөвлөмж боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх цөөн хэдэн хүн ярилцаж шийдвэр гаргах бус УИХ-аар хэлэлцэх ёстой юм. Учир нь манай улс парламенытын засаглалтай улс. Товчхондоо, монголын дарга бол У.Хүрэлсүх ч биш, Л.Оюун-Эрдэнэ ч биш харин УИХ-ын дарга Г.Занданшатар, түүний удирдаж байгаа парламент.

Тодруулбал, Үндсэн хуулийн 3.1-т Монгол улсын Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг.

Тэгэхээр бидний хувь заяатай холбоотой асуудлыг "бага ард түмэн" буюу иргэдийг УИХ-д төлөөлдөг төлөөлөгчид хэлэлцэх учиртай. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Монгол улсын гадаад бодлого, хөгжил дэвшилд саад болж ганхуулж болзошгүй асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой юм. УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ үүргээ хэрэгжлүүлж парламентын чуулганаа зарлан, хуралдуулж ажлаа хийх ёстой. Гэтэл тэрбээр намынхаа захиалгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлээд энэ мэт чухал асуудлаа парламент дээрээ татаж ярилцахгүй байгаа нь гайхширал төрүүлж байгаа юм.