Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр "Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүсэлт өгсөн С.Эрдэнийгн хүсэлтийг хүлээн авч бүртгэж авахгүй байх хүсэлтийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд өгөх гэж байна. С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулийг өнгөртөл Ардчилсан намын дарга байсан уу гэвэл байсан. Сонгууль дуусангуут сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээгээд Ардчилсан намын даргаас албан ёсоор огцорсон. Огцорсон мөртлөө тус намын үйл ажиллагааг будлиантуулж, төөрөгдүүлж өөртөө ашигтайгаар ашиглаж олон мянган гишүүнд хортой үйл ажиллагаа явуулж байна. Албан ёсоор явагдсан сонгуулиар С.Эрдэнийн дараа Б.Тулгат гэж залуу намын даргаар сонгогдсон. Энэ залууг өнөөдөр Ардчилсан намын даргаар бүртгэх ёстой. Гэтэл С.Эрдэнэ өөрийгөө намын даргаар бүртгүүлэх гэсэн башир аргыг нь Дээд шүүх дэмжиж болохгүй.
Долдугаар сарын 02-ны өдөр СТӨ-нд болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурал 100 хувь дүрмийн бус болсон. Нэг ч асуудал хэлэлцүүлээгүй, санал шүүмжлэл хэлүүлээгүй, санал хураалгаагүй. Мөн С.Эрдэнэ намын дарга биш мөртлөө хурал даргалсныг олон гишүүн эсэргүүцсэн.
Тэр дундаа миний бие С.Эрдэнэд шаардлага тавьж индэрээс буухыг шаардсан. Үүнээс болж С.Эрдэнийг заналхийлсэн хэргээр намайг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлнө гэдэг нь дарга гэсэн үг. Тэгэхээр түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхийг зөвшөөрч болохгүй. С.Эрдэнэ сонгуулиар квот зарсан одоо намын даргын асуудлыг будлиантуулж байна. Энэ хүн даргын албан тушаалтайгаа үлдэж байгаад 2024 оны сонгуульд квот зарж мөнгө олох эсвэл өөрөө УИХ-ын гишүүн болох хүсэлтэй. Энэ хүнд Ардчилсан намыг ялуулах чадвар ч байхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй, хүсэл ч байхгүй. Би энэ хүнтэй хуулийн дагуу тэмцэнэ.
2020 оны сонгуулиас хойш Ардчилсан намаас гишүүдийг хөөсөн бол хүчинтэй биш шүү" гэлээ.