Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шуурхай хуралдаан зохион байгуулж, салбарын цаг үеийн асуудлыг хэлэлцэн, холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Шуурхай хуралдаанаар төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, Үндэсний аудитын газрын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах, шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
АҮЭБЯ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авах өргөдөл, хүсэлтийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж.
Цахим хэлбэрт шилжсэнээр иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагад биечлэн очих шаардлага буурч, өргөдөл, хүсэлтээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран илгээх, шийдвэрлэлтийн явцыг хянах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар тус яаманд ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 64 хувийг шийдвэрлээд байна. Үлдсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж, хуульд заасан хугацаанд иргэдэд үндэслэл бүхий хариу хүргүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох газар, нэгжүүдэд үүрэг болгожээ.
Мөн хуралдаанаар Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж, төрийн өмчийн хөрөнгийн бүртгэл, тооцоог үнэн зөв, бүрэн хөтлөх, өмч хөрөнгийг эзэнгүйдэх, үрэгдэх эрсдэлээс хамгаалах, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулахад анхаарахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцсэн бөгөөд салбарын цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгсөн байна.