Хоёр сарын дараа эрх нь дуусах Д.Одбаярын оронд Ц.Нямдоржийг Цэцийн гишүүнээр томилж магадгүй байна

Хоёр сарын дараа эрх нь дуусах Д.Одбаярын оронд Ц.Нямдоржийг Цэцийн гишүүнээр томилж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Ц.Нямдоржийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас чөлөөлөн оронд нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилсон.

-Д.ОДБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ХОЁР САРЫН ДАРАА ДУУСНА-

Тэгвэл Ц.Нямдорж зүв зүгээр "Залуустаа амжилт хүсье" гэж хэлээд албан тушаалаа өгөх хүн биш. Энэ талаар эртнээс ярьж байсан бөгөөд Ц.Нямдоржийг улс төрөөс явуулсан ч Ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалын аль нэгэнд нь томилно гэж байв.

Тэгвэл тохироо ёсоор түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилно гэх мэдээлэл байна.

Тодруулбал, хоёр сарын дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Иймд түүний дараа Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж магадгүй байгаа аж. 

-Ц.НЯМДОРЖИЙГ УИХ-ААС САНАЛ БОЛГОХ УУ -

2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд Э.Одбаярыг санал болгож УИХ-аас нэр дэвшүүлэн цэцийн гишүүнээр томилж байсан. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь зургаан жилийн хугацаанд ажиллах ёстой бөгөөд одоогийн есөн гишүүнээс хамгийн түрүүнд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа нь энэ юм.

Түүний хувьд 2017-2019 оны хугацаанд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан ч ёс зүйн асуудалд нэр холбогдсоноос үүдэн даргын ажлаа өгсөн. 

Одоо Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат, гишүүнээр Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар ажиллаж байна. Д.Одбаярын дараа Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусах аж. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Тэгэхээр Ц.Нямдоржийг УИХ-ын дарга Г.Занданшатар цэцийн гишүүнд санал болгон, дэвшүүлж магадгүй байна.