Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн хүндрэлтэй хэсэг нь дөрөвдүгээр багц юм. Санхүүжилттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй ч Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төслийн уг багцын ажлыг хийж байсан гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан. Одоо тус авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна. Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай байна. Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж 4 эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны аравдугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр одоо үүсч байгаа хүндрэл бол цементийн хомсдол юм. Цемент нийлүүлж байсан Хөтөлийн “Цемент шохой” ХК-д техникийн засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой үйлдвэрлэл хэвийн явагдахгүй болсноос хомсдол үүсчээ. Гэвч 10 дугаар сарын 1-ний өдрөөс уг үйлдвэрийн засвар дуусч цемент хэвийн нийлүүлнэ гэдгийг Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар энэ үеэр хэлжээ.