Дэлхийд жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байна

Дэлхийд жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байна

Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

ДЭМБ, НҮБ-ийн 2013-2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд тархины харвалтаас сэргийлэх, тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Дэлхийн тархины харвалттай тэмцэх байгууллагын албан ёсны баримтаар дэлхий дахинаа жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 52% нь эрэгтэйчүүд, 48% нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна.

Одоогоор дэлхий дахинд 80 сая хүн тархины харвалтаас амьд үлдсэнээс 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харвасан тохиолдлын дийлэнхи буюу 60% нь 70-аас доош настайдаа харвасан. Амьд үлдэгсдийн 49% эрэгтэй, 51% эмэгтэйчүүд байна.

Харвалтын магадлан шинжээч 20 гаруй эрдэмтдийн оролцоотойгоор 2010 онд дэлхийн янз бүрийн бүсийн 119 орныг (өндөр орлоготой 58, бага, дунд орлоготой 61) хамруулан, хүн амын дундах тархины харвалтын эпидемиологийн судалгааны дүнгээр авч үзвэл, харвалтын жилд гарах давтамж 100.000-д 134-336; нас баралт 100.000-д  36-136 байгаа бол Монголд  энэ үзүүлэлт нилээд өндөр түвшинд (харвалт 100.000-д 290; нас баралт 100.000-д 130) байна.

МОНГОЛД: Манай  Улсын хүн амын 27.1 % нь тамхи, 64.6 % нь архи хэрэглэдэгээс 38.3% нь архины тогтмол хэрэглээтэй байна. Жимс ногооны хэрэглээний хувьд зөвлөмжийн хэмжээнээс 3.6 нэгжээр доогуур хэрэглээтэй, 22.3% хөдөлгөөний хомсдолтой, нийт хүмүүсийн 54,4% илүүдэл жинтэй байна. Түүнчлэн нийт хүн амын 27.7% артерийн даралт ихтэй, 61.9% нь холестрины хэмжээ ихтэй гарчээ.

Халдварт бус өвчинөөр өвчлөх 5 эрсдэлт хүчин зүйлсийн 3-5 нь нийт эрэгтэйчүүдийн 35.2%-д илэрсэн бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс бага байх гол шалтгаан болж байна. Хүн амын 19.6% нь цусан дах триглицеридийн хэмжээ ихтэй, Бага нягттай липопротейны хэмжээ 42.5%-д нь мөн их байгаа нь 25-64 насны 10 хүн тутмын 4 нь судас хатуурах өвчнөөр өвчлөх эрсдэлтэйг харуулж байна. Түүнчлэн 25-64 насны хүмүүсийн 6.9% нь чихрийн шижинтэй гэсэн үзүүлэлтүүд байна. (ХБӨ-ний СТЭПС 3-р судалгааны дүнгээс)




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө