Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалааны тогтолцоог бүрэн халах асуудлыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлэсэн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хуралдаанаар цэцэрлэгийн сугалааны асуудал болон энэ жил авч хэрэгжүүлсэн цэцэрлэгийн бүртгэлийн тогтолцоог цаашид хэрэгжүүлэх талаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хамгийн их тулгамдаж буй асуудал нь цэцэрлэг барих талбай байхгүй болсон. Үүний гол шалтгаан нь ЗГ-аас барилга төлөвлөлтийн даалгавар өгөхдөө 24 цэцэрлэгтэй барихаар тооцоолно даалгадаг. Уг шийдвэрийг батлуулах үеэр энэ тоо 50 хувиар багасгадаг. Ингээд барилгын ажил эхлэхэд дахин багасна. Иймд цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Мөн 2015 оноос 2022 он хүртэлх сургууль цэцэрлэгийн барилгын газрын гэрчилгээг шалгахад их сургууль, болон дунд шатны сургуулиуд өөрийн гэр бүл холбогдох нэр бүхий иргэдийн нэр дээр газраа шилжүүлж сургууль, цэцэрлэг барих талбайгүй болгож буй зөрчлүүд илэрсэн. Нийтдээ төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн байна.
Төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их, дээд сургуулийн газрын тооллогоор нийт газрын 70 хувь хулгайд алдагдаж, хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн. Мөн орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэсэн байна. Тиймээс төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын төлбөрийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гарааш, спорт заал зэрэг хөрөнгийн газрыг дахин төлөвлөх шийдвэр гаргалаа" гэлээ.
LIVE: