ШУУРХАЙ: "Нүүрсний мөргөцөг"-ийн хэрэгт Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарыг шалгаж эхэлсэн гэв

ШУУРХАЙ: "Нүүрсний мөргөцөг"-ийн хэрэгт Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарыг шалгаж эхэлсэн гэв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022/12.12/ 09.00 цагт товлогдоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Нүүрсний хулгай" гэх хэргийг энэ удаагийн хурлаараа хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргаж магадгүй байна. 

Өнгөрсөн амралтын өдөр төрийн нууцад байсан оффтейк есөн гэрээг Засгийн газраас ил болгосон. Тус гэрээгээр "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн хамаарал бүхий хүмүүс ямар нөхцөлтэй оффтейк хийж байсан нь тодорхой болсон. Энэ бол нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд ил болгосон эхний баримт. Харин хоёрдугаарт есөн мянган тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тодорхой болгож тээврийн компаниудын эздийг зарлан хэн нь ямар хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг илчлэх явдал юм. Магадгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус шалгалтын дүнг хэлэлцэж дүгнэлтийг Х.Нямбаатар сайд танилцуулж мэднэ. 

Учир энэ сарын 08 /2022.12.08/-ны өдөр Өмнөговь аймгийг зорьсон АТГ, Цагдаа, Тагнуулын  хамтарсан баг ажлаа дуусгаад Улаанбаатар хотод өчигдөр /2022.12.11/ ирсэн байна. 

Тус ажлын хэсгийнхэн шалгалтын дүнг нэгтгэсан бөгөөд 9 мянган тээврийн хэрэгслийн хамаардаг компаниуд болон эздийг нь удахгүй зарлах юм байна. Тээврийн компаниудын хувьд хилээр орж, гарахдаа хил, гаалийн ажилтнуудад авлига өгч "татвараас зугтсан" гэх хэрэгт холбогдон буруутгагдаж байгаа аж. Тэдгээрийн нэр ил болсноор улс төрчдийн холбоо хамаарал нь мөн дэлгэгдэнэ. Цаашлаад аль компани нь давуу эрх эдэлж нүүрсний экспортыг илүү хийдэг, хилээр олон удаа гардаг зэрэг мэдээлэл ч тодорхой болох юм. Үүнд УИХ-ын зарим гишүүн ч холбогдоно. 

Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК хоёрын дунд байсан хулгайд алдагдсан нүүрсэн мөргөцөгтэй холбоотой асуудал. "Мөргөцгийг хулгайгаар олборлоод, хил давуулсан" гэх мэдээлэл 2018 оны эхээр гарч байв. Тэндээс 268 мянган тонн нүүрс алдагдсан гэж анх яригдаж байсан ч сүүлдээ “340 мянган тонн нүүрс байжээ” гэсэн. Хамгийн гол нь тухайн үеийн ханшаар 20 орчим сая ам.долларын хэмжээний нүүрс ачсан том оврын хэдэн мянган автомашин хилээр бүртгэлгүй гараад явчихсан байж болзошгүй байдаг юм.

Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарын хууль хяналтын байгууллагын удирдлагууд холбогдож байж магадгүй байна. Тиймээс тус мэдээллийг ил болгоход цаг хугацаа шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ. Мөн улстөрчид ч энэ асуудалд холбогдсон гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой болоод байгаа билээ. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө