АН-ЫН БҮЛЭГ: Гэр бариулж, СТӨ-г нээхийг шаардаж байна

АН-ЫН БҮЛЭГ: Гэр бариулж, СТӨ-г нээхийг шаардаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаа хийлээ.  Өнөөдрийн \2022.12.12\ бүлгийн хуралд 13 гишүүний 10 нь оролцож ил болсон оффтэйк /off take/ гэрээнүүдийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

ҮЗЭХ: 

Мөн ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд ба жагсаалын эргэн тойрны талаарх танилцуулгыг Ажлын албаны дарга С.Эрдэнэболд танилцууллаа.

Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл "Одоогийн байдлаар 9 гэрээ ил боллоо. Цаашид дахиад гэрээнүүд ил болох юм байна. Үүний цаана олон гэрээ байгаа. Нефть дамжуулах хоолойн гэрээ, Нүүрс баяжуулах гэрээ, Чалкотой хийсэн гэрээ алга байна. Бүгд тэрбум доллараар яригдана. Одоо ил болсон гэрээнүүдийг тоймлоод үзэхэд л 4 тэрбум долларын урьдчилгаа гэрээ байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК жилдээ 1 тэрбум долларын борлуулалт хийдэг компани. Ашиг нь биш борлуулалт нь. Гэтэл ирэх 4 жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Одоо дахиад нууц гэрээнүүд гарч ирвэл магадгүй 10 жил нүүрснээс олох орлогоороо гэрээ хийгээд хуваагаад авчихсан гэсэн үг. Тиймээс ард иргэд итгэхгүй байна. Оффтэйк гэрээ 2011 оноос эхлэлтэй. Гэтэл гэнэт гараад ирсэн мэт МАН-ынхан хаанаас гарч ирснийг гайхмааргүй байна. АН-ын бүлгээс эрх баригчдад шаардлага өгнө. Нэгдүгээрт хүний эрхийн асуудал байна. Гэр бариулахгүй гээд байна. Тиймээс төрийн өмч болох СТӨ-ний хаалгыг нээх хэрэгтэй. Жагсагчдад коридор, заалыг нь нээж өгмөөр байна. Эмч нар нь байрлаж, ОО нь нээлттэй байх шаардлагатай. Хоёрдугаарт, талбайд сүлжээ унагахаа боль. Эрх баригчид хүний мэдэх эрхэд халдаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн хоёр парламентад МАН эрх барьж байгаа. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН дангаараа хүлээх ёстой. Энэ хариуцлагаас бултах гэж ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй. Аль нэг нам руу нялзаах гэсэн мэдэгдлүүд их явж байгаад харамсаж байна. Гадаа цугласан иргэдийн 20 хувь нь нүүрсний хулгайн асуудлаар, бусад 80 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна МАН өөрсдөө шүгэл үлээгээд шударга юм шиг харагдах гэж байгаа боловч анх олон улсын байгууллага нүүрсний хулгай чинь том хэмжээнд хүрлээ гэдгийг гаргасан шүү.

Бид иргэдтэйгээ хамтарч, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой. Олон их наяд төгрөг эргэлдэж байгаа юм бол яагаад ард түмэнд ашгийг нь өгөхгүй байгаа вэ. Тиймээс үүнийг шаардах ёстой. Мөн АН-ын бүлэг хувийн хэвшил рүү дайрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Олон шалтгаанаар хяналт шалгалт хангалттай ордог. Хяналтаа хийгээд явахгүйгээр хувийн өмчлөл рүү нь халдаад шууд төрд авдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан нам бол хувийн өмчид халдах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхэд шахалт үзүүлэх зэрэгт үргэлж эсрэг байр суурьтай байдаг. Жагсах цуглах эрх чөлөөг анх авчирсан Ардчилсан нам жагсаж буй залуучуудынхаа талд бат зогсож байгаа гэдгийг онцоллоо.