Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын Аудитын байгууллагыг оруулж, дүгнэлт гаргуулна

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой” ХК-ны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын Аудитын байгууллагыг оруулж, дүгнэлт гаргуулна

Засгийн газраас нүүрсний хулгайтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Өчигдөр болсон ээлжит бус Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны санхүүгийн болон уурхайн олборлолтын нийт үйл ажиллагаанд олон улсын Аудитын байгууллагыг оруулж, дүгнэлт гаргуулах үүргийг өгсөн. Учир нь, жагсаалд оролцож буй иргэдийн зүгээс хөндлөнгийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэх шаардлагыг тавьсан юм. Мөн Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг уул уурхайн томоохон орд газрын үйл ажиллагааг цаашид төрийн мэдэлд байхаас илүүтэйгээр үйл ажиллагааг нь нээлттэй байлгах зорилгоор Ажлын хэсэг байгуулж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ныг тойрсон хэргийн талаар зөрүүтэй тоон мэдээлэл гараад байгаа. Тэгвэл Засгийн газрын зүгээс энэхүү зөрүүтэй тоон мэдээллийг нэгдсэн мэдээлэл болгон хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр 15:00 цагт нэгдсэн дүн мэдээллийг танилцуулна. Зарим мэдээллээс товч хүргэхэд Монгол Улс  1995 оноос 2022 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 336.4 сая тонн нүүрсийг экспортложээ. Үүнээс 2011-2012 тонн буюу нүүрс идэвхтэйгээр экспортод гарсан нүүрсний хэмжээ 298.4 сая тонн байна. Үндсэндээ эдгээр тооцооллоор улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай явагдаж байна гэх мэдээлэл бодит тооцоололд нийцэхгүй гэсэн нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд 43 их наяд төгрөгийн борлуулалт нүүрсний салбарт хийгдсэн. Ингэхдээ нийт 10 их наяд төгрөгийн Монгол Улсын төсвийн орлогод татан төвлөрүүлсэн байна” гэлээ.