"БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагаас тодорхой мэдээлэл гаргуулахаар хүсэлт тавин ажиллаж байна"

"БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагаас тодорхой мэдээлэл гаргуулахаар хүсэлт тавин ажиллаж байна"

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Маргааш Засгийн газрын хуралдаанд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрх зүйн зохицуулалтыг оруулах хуулийн төслийг боловсруулж дуусаж байна.

Мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бэлэн болж яамдаас санал аваад дуусаж байна. Тодруулбал ҮАБЗ-ийн зөвлөмж нь аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах талаар Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг хориглоно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийн төсөл бэлэн боллоо. Маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн баригдана. 

Энэ Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр хуулиуд орсон. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн баригдана. Хуулийн төслийн гол агуулга нь аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээрүүдийг төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байх зохицуулалтыг оруулж байгаа. Өчигдөр Сүхболд даргын мэдээлэлд дурдагдсан. БНХАУ-ын талаас эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай асуудал яригдсан. Ингээд БНХАУ бол прокурортой ярилцаад нэг зүйл дээр ойлголцсон. Тодруулбал, “Гашуунсухайтын болон бусад хилийн боомтыг автоматжуулсан горим руу шилжүүлсэнтэй холбогдуулан холбогдох мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгөх боломжгүй байна” гэсэн. Харин эсрэгээрээ Хил хамгаалах байгууллагыг БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд тодорхой мэдээлэл гаргуулахаар хүсэлт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах баг нэлээн эрчимтэй ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 2000 гаруй тээврийн хэрэгслийн жолооч, гүйцэтгэх удирдлагын талаар асууж тодруулсан. Мөн машиныг хоосон гаргасан мэдээллийг нэг бүрчлэн тулгаж тайлбар мэдүүлэг авах ажил эхэлж байна.  Ажил үргэлжилж байна. Бид нар хууль дээдлэх зарчимтай улс учир Эрүүгийн хэрэг хянана шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хүрээнд хэргийн талаар мэдээлж байна " хэмээв.