П.Сайнзориг: Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж буй заалтаар хэн ч халдашгүй эрхийн ард нуугдах боломжгүй болно

П.Сайнзориг: Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж буй заалтаар хэн ч халдашгүй эрхийн ард нуугдах боломжгүй болно

Засгийн газрын лхагва гараг /2022.12.14/-ийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хуралдаанаар эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ удаагийн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авлига, албан тушаалтай холбоотой заалтуудыг түргэн шуурхай батлуулах үүднээс голчлон анхаарч өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн жагсагчдын тавьж буй шаардлагуудыг уг хуульд тусгасан. 

Тодруулбал, Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх шаардлагыг иргэдээс тавьсан. Үүний дагуу Олон улсын авлигын эсрэг конвецид нийцүүлж, халдашгүй бүрэн эрхээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг бий болгодог асуудлууд гардаг байсан. Иймд бид эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах бололцоог бүрдүүлж байна. Ингэснээр уг хуулиар хэн ч халдашгүй эрхийн ард нуугдах ямар ч боломжгүй болсон. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгон оруулж байна. Эрүүгийн хуульд энэ заалтыг бүрэн хаасан байгаа. Харин ялын бодлогыг чангатгах асуудлыг хэдэн хэдэн зүйлд хамааруулан авч үзсэн. Тухайлбал 22.1 дүгээр зүйлд заасан торох ялын заалтыг цуцалсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахуул авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулахаас гадна. Төрийн албаны удирдах албан тушаалтанд бүх насаар нь ажиллуулахгүй байх заалтыг тус тус тусгаж өгсөн. Түүнчлэн Авлига албан тушаалын гэмт хэргийн хялбаршуулах заалтыг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор явах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн иргэдийн дунд яригдаж буй тэрбумын хулгайг 40 саяар торгоод өнгөрлөө гэх асуудалд тайлбар өгөхөд, бид хэрэгт холбогдогчийн бүх хөрөнгийг хураах хуультай. Энэ хуулийг мөн бүрэн хэрэгжүүлж эхэлнэ. Мөн авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын хөрөнгө оруулгын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, Авлигатай тэмцэх газар шалгадаг болох бололцоог бүрдүүлж байна" гэлээ.