Цахилгаан дамжуулах агаарын шугам барих 2.8 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Цахилгаан дамжуулах агаарын шугам барих 2.8 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд хэрэгжүүлэж эхлэх гэж буй “Чойр-Сайншандын 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл”-ийн санхүүжилт болох 62.8 сая ам.долларын зээл болон 5.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг төлөөлөн Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал Сюзанна Харгитай нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын холбооны төлөөлөгчид оролцлоо.

Уг төслийг хэрэгжүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн мега төслүүд болох Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Сайншандын аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр болон Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсэд тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдах эх үүсвэр  болно.

“Чойр-Сайншандын 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл”-ийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нийт 51.4 мянга гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчтэй холбогдох хүртээмжийг сайжруулснаар Засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд хөдөө орон нутаг руу шилжих, орон нутаг дахь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах боломжийг бүрдүүлэн өгч байгаа болно.

Тус банк нь Монгол Улсад нийт 2.2 тэрбум еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 125 гаруй төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж,  манай улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсаар байна.