ШУУРХАЙ: "Ард нийтийн санал асуулга"-ыг хоёрдугаар сард явуулж, хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг шинэчлэн батална

ШУУРХАЙ: "Ард нийтийн санал асуулга"-ыг хоёрдугаар сард явуулж, хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг шинэчлэн батална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.  Тогтоолын төсөлд "Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, Асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, Үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганд танилцуулахдаа “Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан. Санал асуулгад зөвлөлдөх зөвлөлийг долоо хоногт байгуулна. Сэдвүүдээ боловсруулж, журмын дагуу санал авах ажлыг статистикийн байгууллага зохион байгуулдаг.

Эхний шатанд 18 насанд хүрсэн иргэн оролцох бөгөөд статистикийн аргачлалаар санал асуулга авна.  Уг тогтоолоор ирэх хоёрдугаар сард ард нийтийн санал асуулга явуулахаар болсон" гэсэн юм. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнөөдрийн парламентын тогтолцоогоо цаашдаа яаж боловсронгуй болгох вэ гэдэг л асуудал. Бид өнгөрсөн 30 жил зөв тогтолцоогоор явсан уу, үгүй юу гэдгээ ярих шаардлагатай гэж үзэж байгаа. Жагсаал цуглаан хийгээд байгаа иргэд ч тогтолцоо гацчихаад байна гэж байгаа учраас энэ асуудлаа нэг ярих шаардлагатай гэж үзэж байгаа. Бид ирэх оны зургадугаар сарын 30-аас өмнө Сонгуулийн хуулийг шинэчлэн батлах үүрэгтэй. Тиймээс хаврын чуулганд сонгуулийн тогтолцоог ярина. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулвал ирэх зургадугаар сарын 30-аас өмнө л оруулах хугацаа энэ парламентад бий" гэлээ.