АН-ЫН БҮЛЭГ: Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргагүй болно

АН-ЫН БҮЛЭГ: Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргагүй болно

Хуваарийн дагуу өнөөдөр /2022.12.26/ УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын, хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэх ёстой. Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар тус бүлгээс мэдээлэл хийлээ. 

Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл " Ардчилсан нам өргөтгөсөн хуралдаан хийлээ. Өнгөрсөн 22-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Нийт 39 гишүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багтай. Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид хэрхэхийг шийдвэрлэх юм. Ажлын хэсгийг Ж.Батсуурь гишүүн ахална. Харин дэд дарга Б.Тулгат, нарийн бичгийн даргаар бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд нар ажиллах юм. Бид бүх гишүүний ойлголцлыг хангах юм" гэлээ. 

Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ардчилсан намын даргыг бүртгүүлэх үйл явц, олон удаагийн сунгаа, хурал, долоо удаа Улсын дээд шүүхээс буцсан. Бид бодит нөхцөл байдалтай эвлэрэх ёстой. Дараагийн сонгууль болоход 1.5 жил магадгүй улс төрийн өөр нөхцөл байдал үүсч ч магадгүй байна. Тэгэхээр энэ ондоо багтан Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлыг цэгцэлж, шинэ он гарсны дараа "Эе эвийн хороо", Их хурлыг зарлан хуралдуулна" гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-С.Эрдэнэ гэх хүн "Тамга надад байна. Бусад нь хүчин төгөлдөр бус" гэж хэлдэг. Ажлын хэсэгт С.Эрдэнэ орж байгаа юу? 

-20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багт С.Эрдэнэ болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболд дарга нар бүгд орсон. Энэ хүмүүст урилга өгч ажиллана. 

-Оноос өмнө намын асуудлыг цэгцэлнэ гэлээ. Яг ямар тодорхой зорилгод хүрэх вэ? 

-Удирдах дээд байгууллагаа хуралдуулаад хуулинд нийцсэн бүртгэлийг Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргагүй болно. 

ҮЗЭХ: