А.Отгонбаатар: Тусгай хэрэгцээт хүүхэд сөрөг үйлдэл гаргах нь өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж байгаагийн илрэл

А.Отгонбаатар: Тусгай хэрэгцээт хүүхэд сөрөг үйлдэл гаргах нь өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж байгаагийн илрэл

Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэлзүйн байдал болон хэрэгцээ шаардлагын талаар “Хүслийн ордон” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн сэтгэлзүйч А.Отгонбаатартай ярилцлаа

-ТЭДНИЙ СЭТГЭЛЗҮЙН ИЛЭРХИЙЛЭМЖ НЬ ХЭВИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ МАШ ОЙРОЛЦОО БАЙДЛААР ИЛЭРДЭГ-

-Танай цэцэрлэгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага нийгэм дэх тэдний сэтгэлзүйн болон материаллаг байдал хэр хэмжээнд хангагдсан бэ?

-Тусгай хэрэгцээт хүүхэд гэх нэр томьёонд хамаарах онцлог нь ямар байна вэ гэдгээс хамаарч янз бүрийн ялгаатай тодорхойлолт бий болдог. Хэдий тэд онцлог ялгаатай ч зарим хэрэгцээ нь бидэнтэй төстэй ойролцоо байдаг. Хамгийн гол зүйл нь тэд онцлогоороо дамжуулж гаргаж байгаа хэрэгцээ нь юу вэ гэдгийг ойлгох юм. Жишээ нь хэвийн хүүхэд мөлхөх, алхах зэргээр орон зайн баримжаа буюу логик сэтгэлгээний суурийг олж авч байдаг бол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд орон зайн баримжаа буюу хол ойр гэх ойлголтыг авахдаа хүртэл саадтай тулгардаг. Жижиг юм шиг хэр нь суурь чадваруудыг эзэмшүүлэхийн тулд тухайн хүүхдийг ямар үед нь яаж дэмжих хэрэгтэй гэдгийг ойлгож мэдрэх хэрэгтэй. Энэ үүднээс жишээ нь манай байгууллагын хувьд хүүхдийн онцлогийг тодорхойлж, хүүхдийн хөгжлийн түвшнийг тодорхойлох апплейкшныг нэвтрүүлэн ажиллаж байна. Суурь сэтгэлзүйн чадамжууд, хөгжлийн сэтгэлзүйн сууриудыг таньж мэдэж түүнд тохирсон дэмжлэгийг хүүхдэд үзүүлэхийн тулд тухайн хүүхдийн чадвар нь юуг илэрхийлэх вэ гэдгийг мэдэх ёстой.

Аутизмтай хүүхдүүдийн хувьд бусад хүүхдийг хазаж гэмтээдэг үйлдэл юуг илэрхийлж буй тухай жишээ авая. Энэ үйлдлийг өнгөцхөн харвал сөрөг үйлдэл хийж байгаа учраас асуудал цаашлаад бэрхшээл гэж харагдаж болно. Гэтэл хөгжлийн сэтгэл зүйн талаас харвал хүүхэд өөрийнхөө хэрэгцээг илэрхийлж байгаагийн нэг илрэл. Магадгүй битгий ойрт, надад саад болохоо боль гэх зэрэг утгыг бусдыг хазах байдлаар илэрхийлж байж болох юм.

Энэ мэт үйлдлүүдийн цаана ямар хэрэгцээ шаардлага байна вэ? Хүүхдийн хөгжлийн нас буюу одоогийн байдал, чадварууд нь ямар түвшинд байна вэ? гэдгийг бид ойлгож тодорхойлох хэрэгтэй. Хөгжлийн насыг энгийнээр тайлбарлавал хүүхдийн биологийн нас нь зургаа байлаа гэхэд хөгжлийн нас буюу чадварууд нь нэг настай хүүхэдтэй ижил түвшинд байх тохиолдол бий. Энэ тохиолдолд суурь чадвараа эзэмшээгүйгээс үүдэж дараа дараагийн эзэмших чадварууд орхигдох эрсдэлтэй. Мөн хөгжлийн насыг нь ойлгоогүйгээс болж хүүхдэд хэт өндөр хүлээлт тавьж хэт хүнд эсвэл хөнгөн даалгавруудыг өгснөөс хамаарч хүүхдийн хөгжил хязгаарлагдах эрсдэлийг ч мөн дагуулдаг. Ийм учир эрт илрүүлэг, эрт боловсролын үйлчилгээ гэдэг хамгийн чухал. Манай улсын хувьд хэрэгцээнд нь тохирсон илрүүлэг орхигдож байгаа. Оношилгоо хийгддэг ч дараа хаана хандах вэ? Жишээ нь боловсролын байгууллага юу байж болох вэ гэх мэт мэдээлэл, зааварчилгаа дутмаг. Зарим дүүрэг хороод оношилсны дараа халамж, группэд хэрхэн хамрагдах талаар зааварчилгаа өгөөгүй байх тохиолдол ч бий. Тэгэхээр хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээг зөв үе шаттайгаар гаргаж ирэх хэрэгтэй.

-Тэдний хэрэгцээ шаардлагаа илэрхийлэх сэтгэлзүйн илэрхийлэмж нь яаж илэрдэг вэ?

-Тэдний сэтгэлзүйн онцлог биднээс тэс өөр байна гэсэн зүйл байхгүй. Сайтар таньж мэдвэл тэдний сэтгэлзүйн илэрхийлэмж нь хэвийн хүүхдүүдтэй маш ойролцоо байдлаар илэрдэг. Тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгохгүй байх үед тэд сөрөг үйлдлүүдийг хийж гаргаж болох юм. Хэрэгцээг нь ойлгоогүйгээс үүдэж хоёрдогч бэрхшээл үүсэх магадлалтай. Жишээ нь зан үйлийн хурцдалууд нэмэгдэх байж болно. Зарим тохиолдолд аутизмтай хүүхдүүд бусдад түрэмгий хандах, өөрийгөө гэмтээх зэрэг өөрчлөхөд төвөгтэй, бусдад болон өөртөө эрсдэлийг дагуулах зан үйлүүдийг хэрэгцээгээ илэрхийлэхийн тулд хийдэг. Мөн хэрэгцээг нь ойлгоогүйгээс үүдэж эцэг, эх хүүхдээ буруутгах, цаашлаад ямар нэгэн байдлаар хүчирхийлэх, хориглох зан үйлийг хийх эрсдэл бүрдэнэ. Тэгэхээр таньж мэдэх ойлгох нь чухал.

-Тэдний шилжилтийн үеийн сэтгэлзүйн талаар тайлбарлаж өгөөч. Жишээ нь цэцэрлэгээс сургууль руу шилжих үеийн сэтгэлзүйн талаар?  

-Шилжилт гэдэг нь аль аль талын сэтгэлзүйн орчин, үйлийн буюу оролцох боломжийг хангасан байх ёстой. Тусгай хэрэгцээт хүүхэд тэр дундаа мэдрэхүйн онцлогтой зарим хүүхдийн хувьд дасан зохицох үйл явц нь удаан байдаг. Мөн орчиндоо үзүүлэх хариу үйлдлийн хувьд удаан талдаа байж болно. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд стрессдэх, тавгүйтэх, өөрийнхөө чадварыг бүрэн гаргахгүй байх тохиолдол их. Шилжилтийг хийхэд нэг анхаарах зүйл нь тухайн хүүхдийн талаар ямар ч мэдээлэл, ойлголтгүй багш болоод хүүхдүүдийн дунд байршуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдэл болох эрсдэлтэй. Одоогийн нөхцөлд багш мэргэжилтнүүд бүгд тэгш хамруулалтын суурь буюу онолын сургалтад хамрагддаг ч практикт оролцох, тэдэнтэй тулж ажиллах нь хомс байж магад. Эргээд хүүхдийг зөвхөн сургууль, цэцэрлэгт хамруулах буюу байршуулахаа тэгш хамруулалт гэж ойлгох нь түгээмэл. Энэ нь нэг талаасаа тэгш хамруулж байна гэсэн үг биш юм. Тэгш хамруулна гэдэг нь тухайн хүүхдийн очиж байгаа сургуулийн мэргэжилтнүүд тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогийг мэддэг, сургалтад хамрагдсан, хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээ бэлэн байх ёстой. Цаашлаад хүлээн авч буй багш, анги танхим, хүүхдүүд, эцэг эхчүүд ч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн онцлогийг мэддэг, сэтгэлзүйгээ бэлдсэн байх ёстой. Гэтэл хангалттай бэлтгэл, ойлголтгүйгээс зөрчил үүсэж эргээд аль аль талдаа цочрол өгч болох юм.

Тэгш хамруулалтыг хэрэгжүүлэх суурь нь тэгш хамруулах соёл буюу тухайн боловсролын хүрээнд байгаа бүхий л хүмүүс сэтгэл санаа, итгэл үнэмшлийн хувьд бүх хүүхдийг боловсролд хамруулах эрхтэй гэдгийг ухамсарлах юм. Тухайн хороо, дүүргийн ажилтан, багш хүүхдүүд, эцэг эх нь нэгдсэн байдлаар хүүхдийг тэгш хамруулж чадна гэсэн ойлголттой байх ёстой. Энэ ойлголтод суурилсан зөвхөн багш биш тухайн ангийн хүүхдүүд, хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хамруулж хөтөлбөрийг хамтран боловсруулж ажиллах шаардлагатай юм шиг санагддаг. Эргээд үүнийг улсын хэмжээнд хууль тогтоомж, боловсролын байгууллага дээр авч үзвэл ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө зэрэг... Ингээд боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд дээр дурдсан онцлогийг таньж мэдэх, хэрэгцээг нь үнэлэх шаардлагатай. Үүний дараа харин тохирсон материаллаг орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Одоогийн манай улсын нийгмийн нөхцөл байдал бол хэрэгцээг таньж мэдэлгүйгээр, шууд материаллаг орчныг бүрдүүлээд байна. Бид нарын зүгээс суурь ойлголтыг сайн таних хэрэгтэй. Энэ нь итгэл үнэмшил, ойлголт хандлагыг системтэйгээр хүргэх. Үүний хамт бодитоор тусгай хэрэгцээт хүүхдүүд, эцэг эхчүүд, мэргэжилтнүүдийн тал бүрийн оролцоог хангах юм. Нэг ёсондоо материаллаг байдлаас урьтаж тухайн хүнийхээ хэрэгцээг бүгд ойлгох ёстой.

-СУУРЬ ЧАДВАРУУДЫГ ЭЗЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД ЭХЛЭЭД СЭТГЭЛЗҮЙ БОЛОН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-Хөгжлийн бэрхшээлтэй зөвхөн хүүхдүүдийн гэлтгүй хүмүүсийн асран хамгаалагчдын тухайд та юу хэлэх вэ?

-Асран хамгаалагчид нь төрөл бүрийн хүмүүс бий. Гэхдээ тэд маш гайхалтай даван туулагчид. Энэ чадвар буюу бусдын онцлог болоод мэдрэмжийг яаж ойлгох вэ? гэдгийг тэд хүүхэдтэйгээ ажиллаж байхдаа хэрэгцээг үнэлж, ойлгохдоо суралцана. Цаашлаад энэ чиглэлийн мэргэжилтнүүд болдог. Тэдний дунд хүлээн зөвшөөрөх, танин мэдэх асуудал, бэрхшээлтэй тулгарсан хүмүүс байдаг. Үүнийг даван туулж хараахан чадаагүй байгаагаас тэд стресст автаж ч болох юм.

Миний бодлоор хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдэд чиглэсэн үйлчилгээг бий болгож, дэмжлэг үзүүлэх боломжийг нээх нь чухал. Эцэг эхчүүд эргээд хүүхдийн хөгжилд маш чухал нөлөөтэй. Ийм ч учраас тэдний сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрийгөө хайрлах өөртөө цаг гаргаж сурах нь чухал. Үүний тулд хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулах хэрэгтэй. Зарим нь цэцэрлэг сургуулиас илүү анагаахын үйлчилгээг чухалчлаад хүүхдийн хөгжлийг орхигдуулах гээд байдаг. Энэ нь магадгүй хөгжлийн онцлогтой хүүхэдтэй болж буй эцэг эхчүүд хаана хандахаа мэдэхгүй байгаатай холбоотой. Тус үедээ дэмжлэгийн цогц үйлчилгээг авах хэрэгтэй болдог. Гэтэл системийн хүрээнд энэ үйлчилгээ нь хязгаарлагдмал.

-ТББ-ууд, хувь хүмүүс өөрсдийн нөөц бололцооны хэрээр төсөл боловсруулж бодит байдал дээр биелэлттэй байдаг. Харин төрөөс ямар шийдтэй, үр дүнтэй алхам хийж байгаа вэ?

-Төрөөс манай байгууллагын нэвтрүүлж буй үйлчилгээтэй зэрэгцэхүйц ашиглагдах хэрэгсэл нь ягаан дэвтэр. Гэхдээ үүнийг яаж ашиглах, хүүхдийн онцлогийг хэрхэн хянах вэ гэдэг тал дээр зөвлөгөө, мэдээлэл дутмаг. Уг нь хүүхдийнхээ хөгжлийг тухайн дэвтэр дээр зааснаар харьцуулан ажиглах ёстой байдаг. Харин ихэнх ээж зөвхөн эмнэлэгт үзүүлэхэд л хэрэглэх зүйл мэтээр ойлгодог.

Бидний хувьд өөрсдөө санхүүжилтээ босгож, төрөл бүрийн гадны төслүүдтэй хамтран явуулж ирсэн. Энэ жилээс эхлэн улсаас ч гэсэн үүрэг хүлээх ёстой гэсэн үүднээс эрт илрүүлэгтэй холбоотой өрхийн эмнэлгийн зөв чиглүүлэг болон хүүхдийн хөгжлийн түвшин тогтоох зэрэг ажлыг хамтран хийхээр төлөвлөж байна.

-Таны ажилдаг “Хүслийн ордон” тусгай цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхэд үнэгүй сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг гэсэн?

-Бид олон төрлийн төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилтээ бий болгодог. Герман, Швейцарийн хэрэгжүүлж байгаа төсөлтэй хамтран ажиллаж үүнээс орж ирсэн санхүүжилтээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Манай цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн нийт эцэг эхчүүдээс өөрсдийн саналаараа сэтгэл зүйн үйлчилгээг авдаг. Зөвхөн сэтгэлзүйн үйлчилгээгээр зогсохгүй хүүхэдтэйгээ хэрхэн, яаж ажиллах талаар сургалт ордог. Мөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг жилийн эхэнд болон жилийн эцэст хүүхэд нэг тус бүр дээр үнэлгээ хийж гарган эцэг эхэд танилцуулдаг. Цэцэрлэгийн үйл ажиллагааны хувьд өдөр тутмын үйл ажиллагаа, хүүхэдтэй ажиллаж буй төлөвлөгөө, эцэг эхийн оролцоог байнга танилцуулдаг.

Хүслийн ордон цэцэрлэг нь “Энэрэлийн түүчээ” гэх ТББ-т харьяалагддаг. Манай төрийн бус байгууллага 2012 оноос эхлэн таван чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь “Хүслийн ордон” цэцэрлэг юм. Энэ нь үндсэн гурван бүлэгтэй. Дотроо цагийн үйлчилгээ болон хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах боломжтой. Жилд ойролцоогоор 40-50 хүүхэд хамрагддаг. Үүний дараа боловсролын үйлчилгээнд тодорхой шалтгааны улмаас хамрагдах боломжгүй байгаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд гэрт нь очиж боловсролын үйлчилгээг үзүүлдэг. Тус явуулын үйлчилгээнд жил бүр 20 орчим хүүхэд хамрагддаг.

Мөн сургалт судалгааны төвийг ажиллуулж бусад сургууль, цэцэрлэг, олон нийтэд чиглэсэн төрөл бүрийн тэгш хамруулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах болон хувь хүний хөгжлийн гэх мэт олон төрлийн чиглэлээр сургалт болон үйлчилгээ үзүүлдэг.

Тэд бидний нүдэнд ил харагдах эсвэл үл харагдах олон төрлийн ялгаатай ч гэсэн тэд бидэнтэй адилхан хүн. Тэдний онцлог, хэрэгцээ шаардлагыг ойлгоход л тэд хөгжих, суралцах, ажиллах боломжтой. Од болгон өөр өөрийнхөөрөө гэрэлтдэг”

А.СҮНЧИГМАА