Идэрийн цуурай дэвжээнээс санаачилсан Эх Орны Цуурай төслийн хүрээнд зохион байгуулагдсан ТОД АЯЛГУУ Үндэсний бөхчүүдийн урлагийн анхдугаар уралдаант шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг уралдаанд 21 аймгийн бөхийн дэвжээд, клубын төлөөлөл нийт 25 бөх нэг, хоёрдугаар шатанд өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шилдгийн шилдэг 10 бөх шалгарч энэ орой бөхийн өргөөнийхөө дэвжээн дээр хүч бяраа биш авьяас билгээ уралдуулан өрсөлдсөн юм. Өөр өөрийн өнгө аяс, донж төрх, авьяас чадвараа сорьсон эдгээр 10 бөхөөс Шилдгийн шилдэг ГРАНПРИ шагналын эзнээр Дорнод аймгийн "Дорнын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн начин Адъяагийн Бат-Эрдэнэ тодорч, дэд байрт Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, гуравдугаар байрт "Баатар хан гарди" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Доржсүрэн нар тус тус шалгарлаа.
Тоглолтод урилгаар Монгол улсын аварга О.Хангай, Монгол улсын начин С.Багахүү нар оролцож, ая дууны мэндчилгээ хүргэсэн бөгөөд энэ үеэр С.Багахүү начин Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм. Тус үйл ажиллагааг Нийслэлийн ЗДТГ ивээн тэтгэж, МҮБХ, ХХЕГ, Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулга дэмжиж, хамтран ажиллалаа. Ерөнхий шүүгчээр МУУГЗ Т.Сэр-Од, шүүгчээр Монгол Улсын начин МУУГЗ С.Эрхэмбаяр, СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нар ажиллав гэж Монголын Бөхийн холбооноос мэдээллээ.