ЭМЯ-ны гадаа үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлнэ гэв

ЭМЯ-ны гадаа үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлнэ гэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаарсан жагсаал ЭМЯ-ны гадаа хоёр өрнөсөн. Тус жагсаалыг зохион байгуулаад буй АН-ынхан өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

ЭМ-ийн сайдыг огцрохыг шаардаж байгаа АН-ын гишүүдтэй 15 дугаар сургуулийн зөвлөлийн дарга, зарим сурагчдын эцэг эх, Төв аймгийн Сүмбэр сумын иргэд мөн нэгдсэн байна.

АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа "Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ноцтой нөхцөл байдал үүслээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 22 ажил тусгагдсан. Гэтэл тэр 22 ажлын 17 нь шаардлага хангахгүй нөхцөлд байна. Сүрьеэгийн дэгдэлт хяналтаас гарч, ард түмнийг айдаст автуулаад байна. Энэ асуудал дээр салбарын яам болон Засгийн газар дорвитой ажил арга хэмжээ аваач ээ. Зөвхөн дэгдэлт гарсан сургуулиуд дээр арга хэмжээ авах биш аян зохион байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг шинжилгээнд хамруулан, далд сүрьеэг илрүүлэх аян, арга хэмжээг өрнүүлэх, эчмлэх хэрэгтэй байна. Хүүхдийн баяраас өмнө хүүхдүүдийг эрүүлжүүлээч ээ" гэлээ.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс, “Бид тэмцлийн хүнд хэлбэрт шилжиж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зургадугаар сарын 1-нээс өмнө огцрохгүй бол эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд яамны өмнө цугларч үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Салбарын бус сайд Монголын эрүүл мэндийн салбарыг сэхээнд оруулсан нь ард түмний нүдэнд ил байна. 15 дугаар сургуулийн сурагч, багш нар сэтгэл зүйн дарамтад ороод байна. Сүрьеэ эдгэдэг өвчин. Гэтэл нийгмийн зүгээс хүүхдүүдийг шоолох, гадуурхах хандлага гарч байгаа. Халдварын нөхцөл байдлыг улсын хэмжээнд бодитоор тогтоож эмчилгээ, үйлчилгээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлаа хийхгүй байгаа Д.Сарангэрэл сайд багаараа огцрох ёстой" гэлээ.