Ж.Ганбат: Ногдол ашиг гээд иргэдэд нэг удаа 100 мянган төгрөг өгөх үү, эсвэл том төслүүдээ дуусгаад компанийн орлогоо нэмэх үү гэсэн асуулттай тулгарч байгаа

Ж.Ганбат: Ногдол ашиг гээд иргэдэд нэг удаа 100 мянган төгрөг өгөх үү, эсвэл том төслүүдээ дуусгаад компанийн орлогоо нэмэх үү гэсэн асуулттай тулгарч байгаа

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн “Тавантолгой” ХК 144 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ өгөхөөр шийдвэрлэсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх үү, хэзээ хэдэн төгрөг өгөх боломжтой вэ хэмээн зарим хүмүүс асууж буй. Цаашлаад зарим иргэн ногдол ашгийг заавал тараах ёстой хэмээн шаардаж байгаа юм. Тиймээс бид энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай ярилцлаа.

ВИДЕО:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах санхүүгийн чадвартай байгаа юу. Та бүхэн энэ чиглэлд ажиллаж байна уу?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ковидын жилийн өмнө буюу 2019 оны ашгийг 2020 онд тараасан. Тэр үед нэг иргэнд 96 орчим мянган төгрөгийг олгосон. Түүнээс хойш дахин ногдол ашиг тараагаагүй. 2020, 2021 оны ашгийг ногдол ашиг хэлбэрээр тараасан бол нэг иргэнд 10-15 мянган төгрөг өгөхөөр байсан. 2022 оны санхүүгийн урьдчилсан тайлангаас гарсан ашгаас иргэдэд ногдол ашиг тараавал өмнөх шиг 96 орчим мянган төгрөг л олгох боломжтой.

Гэхдээ бид 100 мянган төгрөгийг нэг удаа өгөх нь зөв үү эсвэл том төслүүдээ богино хугацаанд дуусгаад компанийн орлогоо нэмсэн дээр үү гэдэг асуулттай тулгарч байна.

Тодруулбал, нүүрс угаах үйлдвэр, төмөр замын ажлуудаа дуусгах шаардлагатай байна шүү дээ. Угаах үйлдвэртэй болоод нүүрсээ угааж, баяжуулбал үнэ 60-80 ам.доллараар нэмэгдэх боломжтой. Сая бид нар нүүрсээ уурхайн ам, хилийн үнийг 70-80 ам.доллараар нэмлээ шүү дээ. Ийм л боломж байгааг иргэд ойлгоосой. Ногдол ашиг тараахаас илүү төслүүдээ яаралтай санхүүжүүлэн ажилд оруулж баялгаа илүү үнэд хүргэх ёстой юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат

-Таны сая хэлсэн энэ том төслүүд хэзээ дуусч, ашиглалтад орох вэ. Ашгийг хэзээнээс олж эхлэхээр төлөвлөсөн бэ. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр “Эд нар иргэдийн хувьцаа эзэмшдэг уурхайн орлогыг үр ашиггүй төсөлд зарцуулчхаад 2024 оны сонгуулийн өмнө цөөн хэдэн төгрөгийг иргэдэд өгч магадгүй" гэх хардлага олон нийтэд байна шүү дээ?

-Бид 2022 онд нүүрсээ уурхайн амны нөхцөлөөр буюу 100-110 ам.доллараар зарсан. Сая хоёрдугаар сарын 09-ны өдөр биржээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний анхны арилжааг хийсэн. Ингэхэд бид 179.1 ам.доллараар зарсан. Бид 70 ам.долларын ашигтайгаар арилжсан гэсэн үг.

Гэтэл бид нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулбал энэ үнийг дахин 70-80 ам.доллараар нэмэх боломжтой. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 40 хувьтай явж байна.

2023 оны төгсгөл ирэх оны эхээр ашиглалтад оруулна. Жилд 10 сая тонн нүүрс угаагаад зарах боломжтой үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсээ илүү үнэтэй борлуулна гэсэн үг. Үүний дараа бид ногдол ашгаа тараавал илүү арай бодитой хөрөнгө оруулалт болно. Нэг хүнд 10, 15, 100 мянган төгрөг тараахаас илүү нөхцөл байдал шүү дээ.

-Тэгэхээр 2024 онд ногдол ашиг тараах боломж, нөхцөл бүрдэнэ гэсэн үг үү?

-Угаах үйлдвэрийг ашиглалтад оруулбал 2024 онд 10 сая тонн нүүрс угаагаад л экспортлоно. Угаасан нүүрсэнд тонн тутамд 70-80 ам.долларын нэмэгдэл нэмнэ. Нэмэлт 700-800 ам.долларын ашиг олох боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 оноос нүүрсний экспорт хийж эхэлсэн 12 жилийн түүхтэй компани. Энэ хугацаанд уурхайн амны нөхцөлөөр бус хил нөхцөлөөр зарсан бол бид ямар хэмжээний ашиг олох боломжтой байсан бол тооцоод үзвэл дөрвөн тэрбум ам.доллар. Дөрвөн тэрбум ам.долларыг бид алджээ.

Засгийн газраас шийдвэр гаргаад бид хил нөхцөлөөр биржээр зарж байна. Өмнө нь нүүрсийг хэн, ямар нөхцөлөөр, яаж, ямар үнээр авдаг нь тодорхой бус байсан.

Харин одоо биржээр борлуулж эхэлснээр бүх зүйл тодорхой болсон. Бид ирэх долоо хоногт Хөрөнгийн бирж дээр арилжаа хийнэ. Цахимаар ил тод, нээлттэй худалдан авагчид үнээ хаялцуулж нүүрсээ авч байна. Түүнийг бид 30 хоногийн дотор хил дээр аваачиж өгч байгаа. Үүнд ямар нэгэн хардлага байхгүй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат

-Иргэдийн хувьд “Бидний хувьцааны мөнгийг бүтэлгүй төсөл рүү оруулдаг. Тухайлбал, Гашуунсухайтын мухар төмөр зам руу энэ компанийн бүх ашгийг хийсэн” гэж шүүмжилдэг. Энэ жишээ давтагдах вий гэсэн болгоомжлол бас бий?

-Гашуунсухайт, Хангийн төмөр замыг холболт хийгээгүй мөртлөө ашиглалтад оруулсан. Засгийн газрын тухайд аль болох яаралтай холбохоор ажиллаж байна. Бид аль болох богино хугацаанд холбох болно. Төмөр замыг яаралтай ашиглалтад оруулж БНХАУ-ын талтай холбож байж тээврийн зардлыг нэмж, ачаа нэвтрүүлэх чадлаа нэмнэ. Бид 2022 онд улсын хэмжээнд 31 сая тонныг нүүрсийг экспортлосон.

Төмөр замаар тээвэрлэсэн бол хамгийн багадаа 50 сая түүнээс дээш тонн нүүрс гаргах боломжтой байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн автомашинаар нүүрсээ тээвэрлэхэд 13 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Тэгэхээр төмөр замаар тээвэр хийгээд эхэлбэл зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК 30-40 сая тонн нүүрс экспортлоно.

Гэхдээ холболтгүй ч гэсэн бид төмөр замаар нүүрсээ тээвэрлэж эхэлнэ. Энэ хэмжээгээр тээврийн зардлыг хэмнэнэ. Уурхайгаас Гашуун-Сухайт боомт хүртэл нүүрсээ тээвэрлээд тэндээс цааш автомашинаар гаргана. Төмөр зам ашиглалтад орсон нь стратегийн хувьд ачаа барааны нэвтрэлт эрс нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр манай улсад орж ирэх орлого, валютын хэмжээ ч нэмэгдэх юм.  Эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар төмөр замын тээвэр.

-Биржээр нүүрсийг борлуулснаар худалдан авагчдын тоо буурсан гэх мэдээлэл байна. Энэ нь ажил хэр жигдэрч байна?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд гурван удаа арилжаа хийлээ. Нийт 160 мянган тонн нүүрсийг арилжсан. Хамгийн дээд 179.1, 179.6 гэх үнээр арилжсан. Эхний ээлжинд цөөн тооны худалдан авч оролцсон. Энэ нэмэгдэх хандлагатай байгаа. Сая хоёрдугаар сарын 27-ны өдөр Уул, уурхайн яамнаас 200 гаруй худалдан авагчийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр биржийн бодлогоо танилцуулсан. Нүүрсээ биржээр л борлуулна гэдгээ илэрхийлсэн. Үүний дараа худалдан авагчдын сонирхол эрс нэмэгдсэн.

-Өнөөдөр нүүрсний экспортын хэмжээ хэр байна?

-2023 оны нэг, хоёрдугаар сарын экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал өндөр байна. Өдөрт 800 автомашин хилээр гарч асуудалгүй явж байна. Өнгөрсөн оны 31 сая тонноос дээш нүүрс экпортлох төсөөлөл бидэнд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК оффтейк гэрээ дахин хийхгүй. Экспортод гаргаад л мөнгийг нь орж ирэхээр хувилбараар ажиллана.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.