МАН-ын захиалгаар "Гулсдаг пропорциональ" сонгуулийн хуулийг АН-ын бүлэг УИХ-д өргөн барихаар болжээ /САНАЛ АСУУЛГА/

МАН-ын захиалгаар "Гулсдаг пропорциональ" сонгуулийн хуулийг АН-ын бүлэг УИХ-д өргөн барихаар болжээ /САНАЛ АСУУЛГА/

УИХ-ын 2024 оны сонгуулийг “холимог систем” /пропорциональ-мажоритар/-ээр явуулахын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийг тодорхой түвшиндээ ярьж байгаа бол, нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгээс “УИХ-ын сонгуулийн тухай” хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж эхлээд байна.

Тэгвэл эрх баригч МАН-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмж 2024 оны сонгуулийг “холимог” системээр хийх, эсвэл УИХ дахь АН-ын бүлгээр “УИХ-ын сонгуулийн тухай" хуулийн өөрчлөлтийг өргөн бариулж “сонгуулийн тогтолцоо”-г өөрчлөх гэсэн хоёр хувилбарыг боловсруулаад байгаа аж.

Сануулахад, энэ сарын 14 /2023.03.14/-ны өдөр  УИХ дахь АН-ын бүлгээс “Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцох уулзалт-ыг ҮБХ-ны гишүүдээ оролцуулж хийсэн. Энэ нь УИХ дахь АН-ын бүлгийн МАН-тай нэгэнт тохирсон “сонгуулийн хуулийн өөрчлөлт”-ийг гишүүддээ танилцуулах, зөвшөөрүүлэх акц байжээ. Учир нь сонгуулийн хуулийн өөрчлөлтийг гишүүддээ танилцуулахгүйгээр “МАН-тай тохирсон ёсоороо УИХ-д өргөн барвал эсэргүүцэлтэй тулгарах тул” ийнхүү тус уулзалтыг зохион байгуулсан бололтой.

-СОНГУУЛИЙН “ГУЛСДАГ ПРОПОРЦИОНАЛЬ” СИСТЕМИЙГ АН-ЫН БҮЛГЭЭР УИХ-Д ӨРГӨН БАРИУЛНА-

Харин УИХ дахь АН-ын бүлгээс өргөн барих “УИХ-ын сонгуулийн тухай” хуулийн өөрчлөлтийн төсөлд “УИХ-ын 76 гишүүний 50 хувийг нь тойргоос буюу мажоритар системээр, 50 хувийг нь жагсаалтаар буюу пропорциональ системээр сонгох хувилбарыг боловсруулж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын 38 гишүүнийг мажоритар системээр сонгоход ихэнх аймаг нэг мандаттай болж байгаа бол, Улаанбаатар хотын дүүргүүд болоод хүн ам ихтэй хэдхэн аймаг хоёр мандаттай болохоор байгаа аж. Харин хоёр мандаттай дүүрэг, аймгийн тойргийг хоёр хуваах аж.

Товчхондоо, нэг тойрогт улс төрийн намаас нэг л нэр дэвшигч бусад намын нэр дэвшигчтэйгээ өрсөлдөнө гэсэн үг.

Харин пропорциональ системээр УИХ-ын гишүүдийг тодруулахдаа 2012 оны сонгуулийн “хаалттай пропорциональ” буюу зөвхөн улс төрийн намыг сонгодог байдлаар биш “гулсдаг пропорциональ” буюу улс төрийн нам, эсвэл жагсаалтад бичигдсэн хүмүүсээс нэгийг нь дугуйлах гэсэн хувилбар дээр тогтоод байгаа аж. Ингэхдээ саналын хуудаст улс төрийн намын жагсаалтад бичигдсэн 38 хүний нэрийг бүгдийг нь бичих бус харин тойргуудыг 4-5 бүсчлэл болгож хувааж, нэг бүсэд нэг улс төрийн намын жагсаалтад бичигдсэн зөвхөн 8-9 хүний нэрийг л саналыг хуудаст оруулах хувилбарыг боловсруулж байгаа аж.

-УЛС ТӨРИЙН НАМЫН РЕЙТИНГ УНАСАН ЭНЭ ҮЕД ЖАГСААЛТАД БИЧИГДСЭН ГИШҮҮДЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ НАМ НЬ САНАЛ АВНА-

Сонгуулийн дээрх хувилбарыг УИХ дахь АН-ын бүлгээр парламентад өргөн бариулаад батлах нь МАН-д ашигтай хэмээн тооцоолж байж магадгүй байгаа аж. Учир нь олон жил дотоод зөрчилтэй байсан АН-д олон нийтэд танигдсан лидер гээд байх хүн үлдээгүй. Харин МАН-д сүүлийн найман жил сайн, муу хэлүүлэн байж танигдсан улс төрчид олон байгаа.

Иймд намуудын рейтинг муу, иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурсан энэ үед олон нийтэд танигдсан улс төрчдөө жагсаалтад оруулах байдлаар намдаа санал авах тооцоог хийж байгаа ажээ.

Харин УИХ дахь АН-ын зарим гишүүд “2012 оны УИХ-ын сонгуультай адил парламентын 28 гишүүнийг нь жагсаалтаар, 48 гишүүнийг нь тойргоос тодруулах зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн ч бүлгээсээ дэмжлэг авч чадахгүй байгаа аж.

Харин нөгөө талд "Улс төрийн намын тухай" хуулийн өөрчлөлт гэх асуудал хөндөгдөх болсон. Учир нь хуульд өөрчлөлт оруулж, “санхүүжилтийг нь шилэн болгох шаардлагатай” гэж зарим судлаачид байр сууриа илэрхийлдэг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улс төрийн намын тухай хууль”-ийг өөрчлөх төслийг УИХ-д өргөн барих аж. Товчхондоо, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг МАН-ын санал болгосноор АН-ын бүлэг өргөн барих бол, Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д өргөн барих ажээ.

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог системээр явуулах нь зөв үү?

Нийт: 42 саналтай