Б.Хандмаа: Сургууль орчмын чихэрлэг, тэжээлгүй хоол хүнс ходоодны шархлаа үүсгэж, хорт хавдарын эхлэл болж байна /ВИДЕО/

Б.Хандмаа: Сургууль орчмын чихэрлэг, тэжээлгүй хоол хүнс ходоодны шархлаа үүсгэж, хорт хавдарын эхлэл болж байна /ВИДЕО/

Монгол Улсын хавдрын өвчлөлийн хоёрдугаар байрт ходоодны хорт хавдар оржээ. Тэгвэл ходоодны хорт хавдар ихэвчлэн өсвөр насанд нь үүсдэг байна. Өсвөр насны буюу сургуулийн насны хүүхдүүдийн хооллолтын 98 хувь нь сургуулийн орчинд явагддаг. Ингэхдээ чихэрлэг, илчлэг ихтэй, шим тэжээлгүй хоол идсэнээс болж, ходоодны шархлаа үүсэж, улмаар ходоодны хорт хавдар болдог аж. Тэгвэл бид энэ талаарх мэдээллийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ВИДЕО:

ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Хандмаа "Ходоодны өвчлөлийн 60,70 хувь нь өсвөр насандаа өвчлөл нь эхэлсэн байна гэсэн судалгаа байдаг. 10-18 насны хүүхдүүдэд ихэвчлэн ходоодны архаг үрэвсэл болон ходоод дээд гэдэсний шархлаа өвчин зонхилон тохиолддог. Үүний шалтгаан нь хэликобактерийн халдварын шалтгаантай. Энэ нь ихэвчлэн гэр бүлийн гишүүдээс нэгэндээ дамжсан байдаг. Мөн амьдралын буруу дадал хэвшил, буруу хооллолтой холбоотой үүсдэг. Мөн стресс гэсэн шалтгаануудаар үүсдэг. Түргэн хоолны газруудад үйлчлүүлж байгаа хүмүүсийн насыг аваад үзвэл 18 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Сургууль орчимд худалдаалах хоол хүнсний жагсаалтыг баталсан Эрүүл мэндийн сайдын 2012 оны тушаал байдаг. Тэр тушаалд сургууль орчимд худалдаалж болохгүй ийм ийм хүнс бий гээд тодорхой заасан байгаа. Хараад байхад энэ тушаалын хэрэгжилт муу байна" гэсэн юм.

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад бүх төрлийн хийжүүлсэн ундаа, амт, өнгө, үнэр оруулагч агуулсан найруулсан шүүс, өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, контик, бялуу, чипс, попкорн, бэлэн гоймон зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн ордог.

Гэтэл 2022 оны хичээлийн жилийн эхэнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-аас явуулсан хяналт шалгалтаар сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй хүнсний дэлгүүрүүд хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрсэн юм. Түүнчлэн бид өмнө нь сургууль орчмын дэлгүүрүүдэд худалдаалж буй бүтээгдэхүүний сурвалжилга хийх үеэр дээрх хоригт орсон бүх бүтээгдэхүүн байхаас гадна. Хугацаан дууссан хүнс ч байсан юм. Тэгвэл одоо ч энэ асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Өөрөөр хэлбэл дэлгүүрүүд худалдаалах ёсгүй бүтээгдэхүүн худалдаалж, нийслэл торгууль тавьдаг ч зөрчил хэвээр үлдэж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсаар байна.

-18 хүртэлх насны хүүхдүүд яаж хооллох нь зөв бэ. Хавдар, шархлаанаас урьдчлан сэлхийлэх зөвлөгөө өгөөч?

-Өглөөний хоол алгасаж байгаа. Өглөөний хоолоо идэхгүй гарах тохиолдлууд нэлээд элбэг байдаг. Энэ нь буцаад амьдралын буруу хэв маягт хөтөлдөг. Тухайн хүүхэд буюу хоосон ходоодтой гарсан хүүхэд анхаарал төвлөрөх байдал нь сулардаг. Дараа өдрийн хоолоо хэтрүүлсэн хэрэглэснээр таргалалт үүсгэх зэрэг дагавар шалтгаанууд болж өгдөг. Тэгэхээр амьдралын зөв хэвшилд сургахын тулд өглөөний хоолоо идэж гарахаас эхлэх хэрэгтэй. Мөн хүнсний таван чухал бүтээгдэхүүнийг хооронд нь зөв зохистой байдлаар эцэг эхчүүд нь бэлдэж өгөх ёстой. Үүнд:

  • үр тариа,
  • гурил, гурилан бүтээгдэхүүнүүд,
  • хүнсний ногоо,
  • жимс жимсгэнэ,
  • сүү, сүүн бүтээгдэхүүн,
  • уураг

гэсэн таван бүтээгдэхүүнийг зөв зохистойгоор бэлдэж өгөх ёстой. Манайх мөн 0-18 хүртэлх насны эм химийн бодисын хордолтуудыг авч эмчилдэг байгаа. Тэгэхээр эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотойгоор мөн эм химийн бодисын хордолт 0-5 насанд зонхилон тохиолддог. Ер нь л хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сургууль орчмын түргэн хоол, дэлгүүрүүдийг бүтээгдэхүүнд зохицуулалт хийхгүй бол яг одоо биш юм аа гэхэд ингэж хооллож байгаа хүүхдүүд 20,30 жилийн дараа хортой хавдар болоод орж ирнэ шүү дээ.