Б.Уранчимэг: Монголчуудын нийтлэг алдаа нь ТРЕНД болж буй хувцсыг өөрт өнгө загвар нь тохирох эсэх хамаагүй өмсдөг /ВИДЕО/

Б.Уранчимэг: Монголчуудын нийтлэг алдаа нь ТРЕНД болж буй хувцсыг өөрт өнгө загвар нь тохирох эсэх хамаагүй өмсдөг /ВИДЕО/

Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан хүн бүр хувцас загварын чиг хандлагадаа тохирсон хувцаснуудыг эрэлхийлдэг билээ. Үүнтэй холбоотойгоор хувийн стилист Б.Уранчимэгтэй 2023 оны хувцасны тренд өнгө, загварын талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Та хувь хүний стилистээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Энэ мэргэжлээр сүүлийн гурван жил ажиллаж байна. Өмнө нь хувцас загвар, гоёл чимэглэл, үнэт эдлэлийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Одоогийн байдлаар “Personal style 101” гэсэн пэйж хуудсыг хөгжүүлээд явж байна. 

-Энэ хавар, зуны тренд өнгө нь ямар өнгө байгаа вэ?

-Өмнөх жил неон ягаан, ногоон гэх мэт тод өнгө тренд болж байсан. Харин 2023 оны хавар, зун "буусан" буюу бүдэг өнгө тренд болно. Жишээлбэл, Sage green буюу өвсний ногоон, десант ногоон эсвэл Digital lavender гээд гандсан, тод биш өнгөнүүд тренд болж байгаа.

2023 оны тренд өнгө

-Хувь хүний өнгийг яаж тодорхойлдог вэ?

-Тухайн хүний арьсанд ямар өнгийн туяа ялгарч байгаагаас хамаарч өнгийг нь хослуулдаг. Хүндээ өнгө, өнгийн даавуу барьж үзнэ. Яг аль өнгө нь гэрэлтүүлж харагдуулж байгаа вэ гэдгээс хамаарч тухайн хүний "хүйтэн, дулаан"-/тайлбарыг дор унших/ эсэх нь тодорхойлогдоно. 

 

-Хувь хүний өнгийг дотор нь яаж хуваадаг вэ? Дулаан болон хүйтнээс өөр өнгө байдаг уу?

-Дулаан, хүйтэн, Neutral буюу төв өнгө гээд нийт гурван өнгө байдаг. Гэвч Neutral өнгөтэй хүн ер нь цөөн байдаг. Гэхдээ Neutral өнгөтэй хүнд дулаан, хүйтэн болон бүх өнгө зохидог учраас давуу талтай. 

-Та өөрийнхөө үйлчлүүлэгчдээс харвал монголчууд ихэвчлэн ямар хувийн өнгөтэй байдаг вэ?

Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүний өнгө тодорхойлоод хувийн стилист хийж байх хугацаанд үйлчлүүлэгчдийн маань 80 хувь нь хүйтэн, харин 20 хувь нь дулаан суурьтай гардаг. Энэ нь магадгүй цаг уурын эрс, тэс уур амьсгалтай холбоотой байх. Дулаан оронд амьдардаг хүмүүсийн ихэнх нь дулаан суурьтай байдаг. Монгол хүмүүсийн ихэнх нь хүйтэн суурьтай учраас тод чернель ягаан, тод цэнхэр, ясан цагаан, тас хар өнгөнүүд зохидог гэсэн үг. Хамгийн гоё өнгө хаврын улиралд буюу одоо сонголттойгоор зах зээлд гарч ирнэ. Намар бол эсрэгээрээ Mute буюу бүдэг өнгийн хувцас худалдаанд гардаг. Энэ үеэр дулаан суурьтай хүмүүс хувцсаа авбал сонголт ихтэй. Харин хүйтэн суурьтай хүмүүс жилийн энэ үеэр хувцсаа авбал сонголт ихтэй байна гэсэн үг юм.

Хүйтэн өнгө & Дулаан өнгө

"Яаж, ийж байгаад муухай харагдчих юмсан" гэж хувцас авдаг хүн байхгүй шүү дээ. Харин "Энэ хувцас намайг гоё харагдуулна. Би энэ хувцсыг өмсөж буй нь өөртөө хийж буй хөрөнгө оруулалт" гэж л хувцас авдаг шүү дээ.  Буруу хувцас авбал хөрөнгө оруулалт биш эсрэгээрээ зардал болно.

-Энэ салбарт олон жил ажиллахад таны харснаар монголчууд хувцаслахдаа гаргадаг түгээмэл алдаа юу вэ?

-Монголчууд ихэвчлэн тренд хувцсыг л өмсдөг. Би үйлчлүүлэгчдээ "Классик хувцсаар хувцасныхаа шүүгээгээ дүүргэ" гэж хэлдэг.

Ер нь хүн өөртөө час хийтэл зохидог хувцсаараа шүүгээнийхээ 80 хувиа дүүргээд үлдсэн 20 хувьд нь тренд хувцас авах хэрэгтэй.

Тухайн трендээс өнгийг нь аваад загвар, эсгүүрийг нь авахгүй байж болно. Өөрийнхөө зохидог эсгүүрийг сонгоно гэсэн үг. Ингэвэл та цаг үетэйгээ хөл нийлүүлэхээс гадна   “Галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөнө” гэдэг шиг юм болохгүй юм.

-Таниар үйлчлүүлж байгаа хүмүүсийн түгээмэл асуудаг асуулт нь юу вэ?

-“Бид нар насандаа тохируулж хувцаслах уу” гэж асуудаг. Заавал тэдэн насандаа ийм хувцас өмсөнө гэсэн зүйлгүй. Тухайн хүний хөрвөх чадвараас 100 хувь  хамаарна. 

Хүмүүс хувцас худалдан аваахдаа түгээмэл гаргадаг алдаа нь юу вэ?

-Гутал, өмд нь зохиод цамц нь зохихгүй байхад тухайн хүн "Гоё харагдахгүй юм байна” гээд тайлчихдаг. Дараа нь дэлгүүрт явж байхад нөгөө гуталтай нь яг ижилхэн зөвхөн өнгө нь өөр байхад худалдаад авчихдаг. Хувцаслахдаа өөрт аль нь зохихгүй байсныг анзаарч хардаггүй.

Шүүгээгээрээ дүүрэн өнгө нь л өөр загвар, брэнд нь ижилхэн, хувцастай болчхоод "Надад өмсөх хувцас алга" гээд байдаг.

Бас нэг жишээ нь онлайн дэлгүүрийн сурталчилгааг хийж буй загвар өмсөгчийн биеийн харьцааг харахгүйгээр шууд “Өө, энэ 55 кг-д таарвал надад ч таарна” гэж бодон худалдаад авчихдаг. Онлайн дэлгүүрээс хувцас аваад таараагүйн шалтгаан нь ердөө энэ.  Би хүмүүст нэг арга хэлж өгье. Сурталчилгааны модель нь хүйтэн эсвэл дулаан суурьтай эсэхийг асуух хэрэгтэй.  Хүний биеийн галбирыг илэрхийлдэг тэмдэглэгээнүүд болох X, "наймын тоо", "зураас" зэргийг нь мөн харах хэрэгтэй. Адил жин, өндөртэй л бол нэг ижил  хувцас бүгдэд ньг тохирно гэсэн ойлголт байхгүй. Хүн болгонд өөр байдаг.

Онлайн дэлгүүр & Бодит амьдрал

1.6 метр өндөртэй хүн навсгар, мөр нь унасан oversize пальто өмсөхөд гоё харагддаг.  Харин 1.7-1.8 метр өндөртэй хүн яг дээрхтэй адил пальто өмсөхөд мануухай шиг болчхоод байдаг. Энэ нь тухайн хүний мөрний ясанд учир байна гэсэн үг. Үүнийг “Personal style” гэдэг. Үйлчлүүлэгчид ганцхан өнгөө тодорхой болгуулчихвал болно гэд боддог. Харин миний хувьд өнгөнөөс гадна хэлбэр, загвар гээд бүхий л зүйлийг нь тодорхойлж өгдөг. Манай пэйжийг дагадаг хүмүүс тодорхой хэмжээнд ойлголттой болсон байх. Одоо танай сайтын дагагч, уншигч нарт энэ талаар ойлголт өгч байгаадаа баяртай байна.

Та манай үзэгч болон уншигчдад хандаад зөвлөгөө өгнө үү?

Чи өөрийнхөө өнгийг тодорхойлоогүй, биеийнхээ галбирыг мэдэхгүй байсан ч болно. Хамгийн чухал зүйл нь өөртөө итгэлтэй байдал. Өнцгөө олно гэдэг шиг хүн өөртөө зохих байрлалаа авч байгаагаас л бүх зүйл шалтгаална. Цэх бай. Мөр чинь цэх, хараа эгц, чи гоё харагдаж байгаа гэдэгтээ мянган хувь итгэж байж чиний хувцас даавууны өөдөс, дизайнерын хувцас гэдэг нь ялгаагүй болно. “Хогоо асгахдаа ч хөөрхөн бай” гэдэг үг байдаг шүү дээ. Бүгдээрээ өөртөө итгэлтэй байдлаа аль болох илүү гаргаж ирэх ёстой шүү гэж захимаар байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө