Б.Пүрэвдорж: Намд нь дургүй бол доторх гайгүй хүнийг нь дугуйлуулна гэж байна. МАН ичих хэрэгтэй

Б.Пүрэвдорж: Намд нь дургүй бол доторх гайгүй хүнийг нь дугуйлуулна гэж байна. МАН ичих хэрэгтэй

Энэ өдрүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг /ҮХӨ/  УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Парламентад суудалтай намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийг холимог буюу 60:40 гэсэн харьцаагаар явуулахад санал нэгдсэн. Үргэлжлүүлэн Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж намын жагсаалтыг яг ямар хэлбэрээр явуулахаа тохирох юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж анхаарал татах өнцгөөр байр, суурь илэрхийллээ.

ҮЗЭХ

-МАНАЙ НАМЫН ГИШҮҮД ТОО ЯРИАГҮЙ. 126 ГИШҮҮНТЭЙ БОЛНО ГЭДЭГТ САНАЛ Ч ӨГӨӨГҮЙ-

Тэрбээр “ Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлэгт 61 гишүүн оролцсон. Тус хурлын үеэр би “152 гишүүнтэй болох саналыг дэмжихгүй” гэж эсрэг санал өгсөн. Манай намын гишүүд өнөөдрийн яриад буюу 126 гэх тоонд санал өгөөгүй, ер нь тоо яриагүй. Ер нь 152 их байна. Тиймээс багасгах ёстой гэсэн байр, сууринд л байсан. Ажлын хэсэгт ажиллаж буй манай гишүүдийн амнаас ч ямар нэгэн тоо гараагүй. Парламентад суудалтай намуудын удирдлагууд уулзаж 126 гэх тоонд санал нэгдээд үүнийхээ дагуу зөвшилцөлд хүрсэн. Ингэхдээ бүлгийн гишүүдийн саналыг тодорхой хэмжээнд сонссон. Гэхдээ тоо ярихгүй, тогтолцоогоо хамгаалахыг зорьж буй учраас үүнийгээ дэмжинэ гэсэн. Ер нь бол МАН-ын арга, тактик яваад байгаа. Тэд эхлээд 152 гишүүнтэй болох хувилбарыг оруулж ирээд иргэд хүсэхгүй байна гэж хэлээд 126 болгож байна. 76 гишүүнийг мажоритар хувилбараар тойргоос сонгож 50 ийг жагсаалтаар сонгоно гэж буй ч эцсийн мөчид МАН мөн л өөрсдийн тактикаа хэрэгжүүлж дураараа дургина.

Жишээлбэл, жагсаалтаар МАН-ыг дугуйлна. МАН-д дургүй нь  доторх хэн, нэгнийг сонгоно.

Энэ бол МАН коммунизм болон түүний үзэл суртлаас салаагүйн жишээ. Өөрөөр хэлбэл, нам бол Ленин юм, Ленин бол нам юм гэдэг сурталтай адил МАН бол Оюун-Эрдэнэ юм, Оюун-Эрдэнэ бол нам юм гэж байна шүү дээ. Ийм байдлаар жагсаалтыг явуулах гэж байна. Бусад нөхөд нь бүтэгүй, янз бүрийн хулгайд холбогдсон. Тиймээс УИХ-ын гишүүд намын нэрээр өөдтэй санал авчрахгүй юм байна. Тэгэхээр 5Ш ажиллагаа гэдэг ч юм уу, шударга ёс гэх зүйлээр өндөр нэр хүндтэй болгочхоод түүнийгээ дугуйлуулах замаар иргэдийн саналыг авна гэж байна шүү дээ. Хүнийг шууд дугуйлаад явбал улсыг бүхэлд нь нэг том тойрог болгох хувилбараас  ямар ч ялгаагүй. Энэ мэт шүүмжлэлийг бид Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр ярина. Ичих байлгүй дээ. Намыг дугуйлна аль эсвэл дотор нь байгаа хүнийг дугуйлна гэж байна. Намд нь дургүй байлаа гэхэд дотор нь нэг гайгүй хүн байна түүнийг дугуйлчихье гэх нь байна шүү дээ. Энэ бол байж болохгүй зүйл” гэлээ.