"Эмээлт эко" аж үйлдвэрийн паркийг байгуулахыг дэмжлээ

"Эмээлт эко" аж үйлдвэрийн паркийг байгуулахыг дэмжлээ

“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, “Арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор ХУД-ийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа. 

Тэгвэл уг төслийг Засгийн газрын өнөөдрийн /2023.05.24/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Энэхүү шийдвэрт:

  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх;
  • Инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд хөгжлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;
  •  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харгиа цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир, завод ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эзэмшил газарт шат дараатай нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлууд тусгагдлаа.

Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар:

  • Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул, хаяа хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Аргалант-Эмээлт” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулагдана.
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт арьс шир ноос, ноолуур боловсруулж бохирдол үүсгэж буй аж ахуйн нэгжийг нэгдсэн байдлаар хотоос нүүлгэн шилжүүлнэ.
  • Туул голын сав газрын бохирдсон хэсгийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх замаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх зэрэг олон боломжууд бүрдэж байна.
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь  нийт 539 га газарт жилд 4.6 сая арьс шир, 4.8 мянган тонн завод ноос, ноолуурыг боловсруулах боломж бүрдэхээс гадна мал аж ахуй, газар тариалан, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, тээвэр, логистик, үзэсгэлэн худалдааны төв зэрэг чиглэлээр байгаль орчинд ээлтэй кластераар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдөөд байна.



Өнөөдөр тахиа өдөр

39 минутын өмнө