С.Бямбацогт: МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулж,  нэг удаа Монгол Улсын навигацийн орлогоос дэмжлэг үзүүлнэ /ВИДЕО/

С.Бямбацогт: МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулж, нэг удаа Монгол Улсын навигацийн орлогоос дэмжлэг үзүүлнэ /ВИДЕО/

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.24/ ээлжит хуралдааны шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж байна. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын бодлогоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор мөн төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулж өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргасан. Мөн гадаадаас ирэх жуулчдыг 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах боломжийг хангаж гадаадын нислэгийг сэргээсэн. Энэ хүрээнд урьд нь дотоодын нислэг үйлдэж байсан Хүннү Эйр, Аэро Монголиа компанийг дэмжиж байсан боловч өөрсдийнх нь санхүүгийн бололцоо муугаас үүдэж орон нутгийн нислэг сэргэхгүй байсан.

Тиймээс өнөөдөр бид МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулахаар болсон. Ингэснээр дотоодын нислэгийн үнэ тариф 2-2,5  дахин буурах боломжийг бүрдүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ МИАТ компанид нэг удаа Монгол Улсын навигацийн орлогоос тодорхой дэмжлэг үзүүлнэ. Харин ирэх оноос МИАТ бие дааж дэмжлэг авахгүйгээр орон нутагт нислэг үйлдэнэ. 

Урьд нь дотоодын нислэгийг 12 аймагт хийдэг байсан бол одоогоор хоёроос гурван аймаг руу нислэг үйлдэж байна. Тиймээс МИАТ орон нутагт нислэг үйлдэж эхэлснээр есөн аймаг руу тогтмол нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Долоо хоногт нэг аймаг руу нэгээс багагүй удаа нислэгтэй байна. Үнэ тарифын хувьд хамгийн өндөр үнэтэй нислэг Баян-Өлгий аймаг. Өөрөөр хэлбэл, нэг сая 700 мянган төгрөг төлж тус аймаг руу нисдэг байсан. Уг үнийг бууруулж 800-900 мянган төгрөг болгосон. Мөн хамгийн их нислэг үйлдэгддэг Хөвсгөл аймаг руу нэг сая 600 мянган төгрөгөөр нисдэг байсныг 500-600 мянган төгрөг болгож бууруулсан" гэлээ. 

ҮЗЭХ: