Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис  ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ

Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ

Католик шашны тэргүүн Ромын пап Францис Монгол Улсад ирэх есдүгээр сард айлчлахаар төлөвлөж байгаагаа баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлах тухай мэдээлэл гарч, энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор мэдээллээ.  Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.

Ташрамд дурдахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер 2023 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

​Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд дээрх айлчлалууд нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлалууд болох юм.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө