Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногт 126 гишүүнтэй болох хувилбараар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Тэгвэл энэ долоо хоногт Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ.  Тодруулбал,  УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүний санаачлан боловсруулсан  Сонгуулийн хуулийн төсөл болон  О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгээс өргөн барьсан Сонгуулийн хууль гэсэн хоёр хувилбарыг хэлэлцэн нэгтгэж зургадугаар сарын 20-ны дотор батлах учиртай.

Хуулийн төслүүдэд нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл гурван хувь байхаар оруулах, мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах гэсэн ижил заалт зарчим орсон. Харин УИХ-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлд жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгах. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч дэвших ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах, нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна. УИХ-ын нийт найман удаагийн сонгуулийн долоо нь мажоритар тогтолцоогоор, 2012 онд явагдсан сонгууль хосолсон тогтолцоогоор  явагдсан. Гэхдээ 2012 онд намын нэрсийн жагсаалт хаалттай, эмэгтэй эрэгтэй нэр дэвшигчийн нэрсийг хэрхэн байрлуулах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байгаагүй. Тэгвэл сонгуулийн шинэ хуулийн төсөлд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг хуулиар зохицуулахаар тусгасан юм. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө