АН-ын сонгуулийн жагсаалтад УИХ-ын 11 гишүүнээс гадна Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар багтах бол С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар тойрогт дэвшихээр болжээ

АН-ын сонгуулийн жагсаалтад УИХ-ын 11 гишүүнээс гадна Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар багтах бол С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар тойрогт дэвшихээр болжээ

“УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийг холимог системээр явуулах” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж батлаад байна. Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт /ҮХӨ/-ийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ҮХӨ-ийн төслийг анх УИХ дахь АН-ын бүлгээр өргөн бариулах гэсэн ч тэд татгалзсан тул ийнхүү Засгийн газраас өргөн барьсан гэж байгаа.

Учир нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог системээр явуулдаг болох нь МАН болон АН-ын чин хүсэл байсан ч хожим “УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн буруутан нь АН” гэж нийгэмд чичлүүлэхээс тэд болгоомжилсон тул ҮХӨ-ийн төслийг өргөн барихаас татгалзжээ.

-“ХУУЧИН ЛИДЕРҮҮДЭЭ НАМЫН ЖАГСААЛТААР НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ” ГЭЖ Л.ГАНТӨМӨР МЭДЭГДЖЭЭ-

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдэх парламентын гишүүдийн 78-г нь тойргоос, 48-г нь намын жагсаалтаас сонгох нь тодорхой болоод байна. Иймд Л.Гантөмөр даргатай АН-аас ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд ямар хүмүүс намын жагсаалтад багтах, хэн нь тойрогт нэр дэвшиж өрсөлдөх талаар эхний зураг гарч, аман байдлаар зарим нь намын дарга Л.Гантөмөртэйгөө ч тохироод байгаа ажээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30 /2023.04.30/-нд болсон АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлын үеэр тус намын дарга Л.Гантөмөр ҮБХ-ны гишүүддээ хандан, “2024 оны УИХ-ын сонгуульд хуучин лидерүүдээс намын жагсаалтад оруулахгүй. Хуучуул дэвших хүсэлтэй бол тойрог руу нь явуулна” гэж мэдэгджээ.

Л.Гантөмөрийн тус мэдэгдлийн дагуу хуучин лидерүүдээс нь С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын цөөн гишүүд нь Баянгол дүүрэг, Орхон аймагт нэр дэвшиж магадгүй байгаа бол Н.Батбаяр, З.Энхболд зэрэг бусад хуучуул нь УИХ-д нэр дэвших төлөвгүй байгаа ажээ. Харин АН-ын залуучуудын төлөөлөл болох НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, МХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар тойрогт өрсөлдөнө гэжээ.

Тэгвэл АН-ын жагсаалтад багтах хүмүүсийн нэрс эхнээсээ яригдаж байгаа аж. Тухайлбал, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Б.Байсен, Ц.Туваан, Н.Ганибал, О.Цогтгэрэл, С.Одонтуяа. Д.Ганбат, Б.Пүрэвдорж гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн намын дарга Л.Гантөмөрийнхөө хамтаар АН-ын жагсаалтын эхэнд бичигдэх төлөвтэй байгаа аж. Тэдэнд дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа болон Д.Сүндийгийн ах Д.Алтангэрэл нар жагсаалтад орно гэдгээ намын дарга Л.Гантөмөртэйгөө тохирсон гэх мэдээлэл байна. Харин Фортуна Н.Батбаярын охин Жаргалан, судлаач Ж.Баярмаа нар эмэгтэйчүүдийг төлөөлж жагсаалтад багтаж магадгүй байгаа аж. Ингээд тэдний араас жижиг дунд үйлдвэрлэгч, багш, эмч гээд салбар, салбарын төлөөллийг жагсаалтын хойгуур оруулах ажээ.

-“МАН ЭСВЭЛ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ СОНГО, АН ЭСВЭЛ Л.ГАНТӨМӨРИЙГ СОНГО” ГЭСЭН БАЙДЛААР САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭГДЭЖ, ТЭД ЖАГСААЛЫН 48 НЭР ДЭВШИГЧЭЭ ТӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ-

Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлгээр саналын хуудаст нэр дэвшигчдийн нэрс хэрхэн бичигдэх нь тодорхой болох төлөвтэй байна. Тухайлбал, 2012 оны сонгуулийг “хаалттай пропорциональ” буюу зөвхөн намыг сонгох байдлаар явуулсан бол 2024 оны сонгуулийг “нээлттэй пропорциональ” буюу нам эсвэл жагсаалтаар нэр дэвшигчдийг сонгох байдлаар явуулна гэж байгаа. Нөгөө талаар жагсаалтаар нэр дэвшигчдийг хувааж, бүсчлэх байдлаар саналын хуудаст оруулах хувилбар ч яригдаж байгаа аж.

Харин МАН-ын зүгээс саналын хуудаст намын жагсаалтад багтсан нэр дэвшигчдийг төлөөлж “Улс төрийн намыг нь сонго эсвэл Намын даргыг нь сонго” гэсэн хувилбараар хийхээр төлөвлөж, үүнийгээ ихээхэн нууцалж байгаа аж.

Товчхондоо, “МАН-ыг сонго эсвэл намын дарга Л.Оюун-Эрдэнийг сонго. АН-ыг сонго эсвэл Л.Гантөмөрийг сонго” гэсэн үг юм. Энэ үүднээсээ МАН-ын жагсаалтад багтсан 48 нэр дэвшигчийг Л.Оюун-Эрдэнэ төлөөлөх бол, АН-ын жагсаалтад багтсан 48 нэр дэвшигчийг Л.Гантөмөр төлөөлөх ажээ. Нөгөө талаар пропорциональ системээр намын санал авах доод хэмжээ 5 хувь байх төлөвтэй байна. Харин 78 гишүүнийг тойргоос сонгохдоо жижиг мажоритар системийг ашиглана гэх мэдээлэл байна.