УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар энэ сард хэлэлцэх асуудлын цагалварыг баталлаа.
УИХ-ын даргын энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төсөлд тусгажээ.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” байнгын хорооны тогтоолыг батлав.