Д.Тогтохсүрэн: Нэг тойрогт нэр дэвшигчид нэг л сурталчилгааны самбар ашиглана. Ухуулагчид 275 мянган төгрөгийн цалин өгнө /ВИДЕО/

Д.Тогтохсүрэн: Нэг тойрогт нэр дэвшигчид нэг л сурталчилгааны самбар ашиглана. Ухуулагчид 275 мянган төгрөгийн цалин өгнө /ВИДЕО/

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн хуралдаан өчигдөр дөрвөн цаг орчим хуралдав. Уг хуралдааны үр дүнд Сонгуулийн тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлт оруулахаар болсныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцоллоо. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж байгаа. Тодруулбал, Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийсэн.

Үүнтэй холбогдуулан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бөгөөд 126 гишүүний 78-г тойргоос, 48-г жагсаалтаар сонгоно. Ингэхдээ намуудын санал авах босгыг өндөрсгөж дөрвөн хувь болгож буй бөгөөд гадаадад амьдардаг иргэдийн саналыг авах, эмэгтэйчүүдийн квотыг өсгөж 30 болгох, зардлыг бууруулж бага төсвөөр сонгууль зохион байгуулах зэрэг агуулгаар өөрчлөлт оруулж байна.

ВИДЕО:

-2024 ОНЫ СОНГУУЛИАР НАМЫГ СОНГОХ БАЙДЛААР ЖАГСААЛТЫН 48 ГИШҮҮНИЙГ ТОДРУУЛНА-

Тэгвэл чухам яаж сонгуулийн сурталчилгаа болон үйл ажиллагааны зардлыг бууруулах вэ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “ Зардлыг бууруулахтай холбоотой олон заалтыг Сонгуулийн хуулинд оруулна. Өнөөдрийн хурлаар нэг том асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь нэг тойрогт нэр дэвшигчид дундаа нэг сурталчилгааны самбартай байна. Сум, хороонд нэг самбар байна. Нэр дэвшигчид тэнд танилцуулга, сурталчилгаагаа байрлуулна. Сонгуулийн хороо журам гаргаж хэн, хаана нь ямар хэмжээтэй зургаа байрлуулахыг тодорхой болгоно. Ухуулагчийн цалинг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй гэсэн байсан заалтыг хөдөлмөрийн хөлсний 50 хувиас хэтрэхгүй болгож өөрчилж байна. 275 мянган төгрөгөөс хэтрэхгүй цалин өгнө” гэсэн юм.

Ажлын хэсгийн хурлын үеэр гишүүдийн дунд хамгийн ихээр маргаан үүсгэсэн асуудал бол ухуулагчийн цалингийн хэмжээний тухай байсан юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал гаргаж, олон хүн нэр дэвшинэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, зар сурталчилгааны зардал буурч байгаа учраас хөдөлмөрийн хөлсний 50 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож өгсөн нь зөв гэсэн байна. Ийнхүү санал гаргасны дараа ухуулагчийн цалинг дээрх байдлаар тогтоожээ.

Үүнээс гадна бас нэгэн анхаарал татаж буй асуудал пропорционалийг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ гэдэг юм. Тодруулбал, 2012 оны сонгуулийг “хаалттай пропорциональ” буюу зөвхөн намыг сонгох байдлаар явуулсан бол 2024 оны сонгуулийг “нээлттэй пропорциональ” буюу нам эсвэл жагсаалтаар нэр дэвшигчдийг сонгох байдлаар явуулна гэж байгаа.

Харин МАН-ын зүгээс саналын хуудаст намын жагсаалтад багтсан нэр дэвшигчдийг төлөөлж “Улс төрийн намыг нь сонго эсвэл Намын даргыг нь сонго” гэсэн хувилбараар хийхээр төлөвлөж, үүнийгээ ихээхэн нууцалж байгаа гэх мэдээлэл бий.

Товчхондоо, “МАН-ыг сонго эсвэл намын дарга Л.Оюун-Эрдэнийг сонго. АН-ыг сонго эсвэл Л.Гантөмөрийг сонго” гэсэн үг юм. Энэ үүднээсээ МАН-ын жагсаалтад багтсан 48 нэр дэвшигчийг Л.Оюун-Эрдэнэ төлөөлөх бол, АН-ын жагсаалтад багтсан 48 нэр дэвшигчийг Л.Гантөмөр төлөөлөх ажээ. Нөгөө талаар пропорциональ системээр намын санал авах доод хэмжээ 4 хувь байх төлөвтэй байна. Харин 78 гишүүнийг тойргоос сонгохдоо жижиг мажоритар системийг ашиглана гэх мэдээлэл байна.

Харин энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Чуулганаар хэлэлцэж шийдвэрлээгүй учир нарийн процессыг ярих шаардлагагүй болов уу гэж бодож байна. Сая санал бэлтгэхдээ сонгогч намд санал өгнө. Намын сонгууль эрхэлсэн байгууллагууд 48 нэр дэвшигчийн жагсаалтыг, хэвлэмэл хуудсыг сонгогчдод хүргэнэ. Гэхдээ намаа л сонгож дугуйлна. Анхны хэлэлцүүлгийг хийсний дараа бүр нарийн процесс яригдаагүй. Хэлэлцүүлгийг хийсний дараа энэ талаар шийднэ” гэлээ.