Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон. Монгол Улсад Инновацийн долоо хоног өрнөж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан цуглаж шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын бодлогын орчин дахь асуудал шийдлээ хэлэлцдэг хамгийн том арга хэмжээ болох ICT Forum, ICT Expo болох гэж байгаа энэ цаг үед маш өндөр ач холбогдолтой уулзалт болсныг дуулгахад таатай байна.
Уулзалтаар цахим технологи амьдралын хэв маягт гүнзгий шингэж, дэлхий нийтээр цахим шилжилт хүчтэй өрнөж буй энэ цаг үед харилцаа холбооны дэд бүтэц хүн бүрт хүртээмжтэй байх чухлыг талууд онцолсон бөгөөд SpaceX-ийн охин компани Старлинк нам орбитоос интернет цацаж, дэлхийн өнцөг булан бүрт интернет хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулж, Монголын уудам тал нутагт, хүн амын нягтаршлаас үл хамаарч энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүртээмжтэй болгоход жинтэй хувь нэмэр оруулахыг дурдсан билээ. Интернет сүлжээг Монгол Улсын өнцөг булан бүрт шилэн кабель, газрын дэд бүтэц татах хөрөнгө оруулалт шаардлагагүйгээр хүргэх нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон сэргэлт, Хөдөөгийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтэд онц ач холбогдолтой билээ.
Дэлхийн нам орбитод хиймэл дагуулын сүлжээг (Non GEO) өндөр хурдны, тасалдалгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хэмжээний компани бөгөөд USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia, France, Austria, Netherlands, Belgium зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж, Азийн зарим улсуудад (Япон 2022 онд, Филлипинд 2023 онд) үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаран хиймэл дагуулыг хөөргөн дэлхийн хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.
Starlink компанийн хувьд Монгол Улсын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлэх сонирхлоо анх 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ХХЗХ-д ирүүлсэн. ЦХХХЯ болон ХХЗХ нь энэхүү шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх, ямар нөхцөл шаардлагыг тавих нам орбитын бодлоготой болох чиглэлээр ажиллаж, 2022 оны 04 сарын 11-нд “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” -ийг баталсан. Уг бодлогын баримтлах чиглэл дээрх газрын станц байгуулах зэрэг нөхцлүүд нь нам орбитын интернет үйлчилгээ үзүүлж байгаа Старлинк зэрэг компанийн хувь бизнес зардал өндөртэй, хэрэглэгчид хохирох уршигтай зэрэг саналуудыг ХХЗХ-нд төдийгүй яаманд илэрхийлж ирсэн билээ. Миний бие 2023 оны 3 сард Барселон хотод зохион байгуулагдсан Mobile World Congress хурлын үеэр Старлинкийн олон улсын үйлчилгээ нэвтрүүлэх захирал Ryan Goodnight төдийгүй OneWeb компанийн Гүйцэтгэх захирал нартай уулзалт хийж, бодлогын орчны асуудал шийдлийг зөвлөлдсөн.
Ийнхүү тус технологийн салбарын тэргүүлэгч компаниудын удаа дараа тавьсан санал, хийсэн уулзалтаар солилцсон санал, түүнчлэн Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хуульд заагаагүй нөхцөл, шаардлага нэмж шаардахгүй гэснийг үндэслэн баримтлах чиглэлийг 2023 оны 03 сарын 17-нд хүчингүй болгосон. Баримтлах чиглэлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор 2023 оны 4 дүгээр сард “Starlink” компаниас тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүсэлтийн маягтын тухай мэдээллийг харилцан солилцох уулзалтуудыг удаа дараа хийж, “Starlink” компани холбогдох тусгай зөвшөөрлүүдийг авах чиглэлээр ХХЗХ болон яамтай харилцаж байгаа. / Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх (9.11) болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх (Интернэтийн үйлчилгээ эрхлэх 2 (9.4)) /. Бид дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалах эрх зүйн орчиндоо олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэх бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байна. Мөн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн үнэ харьцангуй өндөр байгаа бөгөөд цаашид Монгол улсын хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж борлуулах, үйлчилгээний хураамжийг бууруулах, хэрэглэгч хоорондоо үйлчилгээг хувааж (шэйр хийж) ашиглах нөхцлийг судлаж, санхүүжилтийг олон улсын хөгжлийн агентлагуудтай хамтарч шийдвэрлэх гарцыг эрэлхийлэн ажиллаж байна. Ер нь энэ мэт нийгэм, эдийн засгийн үнэ цэн бий болгож байгаа инновацлаг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж, бид ч мөн судалгаа хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, зах зээлээ нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж буй цогц бодлогын реформ, арга хэмжээний талаар маргааш болох ICT Forum-ын үеэр зарлах болно" гэлээ.
ҮЗЭХ: