"Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулъя" гэх саналыг Х.Баттулга оруулж ирж магадгүй байгаа аж

"Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулъя" гэх саналыг Х.Баттулга оруулж ирж магадгүй байгаа аж

Х.Баттулга, С.Эрдэнэ нарын ашиг сонирхлоос болж сүүлийн хоёр жилийн хугацаанд АН албан ёсны дарга байхгүй явж ирсэн. Харин өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэснээр тус нам хууль ёсны нэг удирдлагатай болсон.

Гэтэл сүүлийн өдрүүдэд АН-ын дарга Л.Гантөмөрийн талаар сөрөг мэдээлэл их гарах болсон. Тухайлбал, түүний охин Боловсролын зээлийн сангийн мөнгөөр гадаадад суралцаад зээлээ төлөөгүй, түүний хувьцаа эзэмшдэг компани нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан зэрэг мэдээлэл. Иймд АН-ын гишүүдийн дунд Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөх үү гэсэн асуулт гараад байгаа аж. Тэгвэл энэхүү мэдээллийг Х.Баттулга дэмжээд байж магадгүй байгаа аж.

-АН-ЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ТООГ 387 ЭСВЭЛ 504 БОЛГОН НЭМЖ, ЗАРИМ ГИШҮҮДЭЭ ӨӨРЧЛӨХ РОТАЦИ ЯВУУЛАХ АЖ-

Тодруулбал, парламентын 76 гишүүнийг дөрвөөр үржүүлж 304 Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнтэй байгаа АН одоо УИХ-ын гишүүнийг 126 болгон нэмсэн тул энэ тоог гурав эсвэл дөрвөөр үржүүлж 378 эсвэл 504 ҮБХ-ны гишүүнтэй болохоор төлөвлөөд байгаа аж. Ийнхүү гишүүдийнхээ тоог нэмэх, нас барсан, төрийн албанд томилогдсон, намын гишүүний татвараа төлөөлгүй ҮБХ-ны солих дотоод ротациа АН ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа тус хорооны анхны хурлаа хийж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож, үүний дараа намынхаа дэд дарга, нарийн бичгийн дарга нараа томилох төлөвлөгөөтэй байгаа аж.

Гэтэл АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Х.Баттулгын толгойлдог МоАХ фракцаас Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах асуудлыг оруулж ирж магадгүй болоод байгаа ажээ. 

Тухайлбал, Х.Баттулгыг зарим хүмүүс нь “Л.Гантөмөрөө ажлаа өг. Намаа хулгайч нараас цэвэрлэе. Намын байран дээрээ цуглаж Гантөмөрийг ажлаа өгөхийг шаардаж эхэлье” зэргээр бусдыг уриалах болсон байна. Мөн Х.Баттулгатай хамтарч ажилладаг зарим хэвлэлд ч, “Л.Гантөмөрийг огцруулахаар гишүүд нь гарын үсэг цуглуулж эхэлжээ” зэрэг мэдээллийг гаргаж болжээ. 

-“Л.ГАНТӨМӨРИЙГ ОГЦРУУЛЪЯ” ГЭСЭН АКЦ ЭЦЭСТЭЭ АН-ААС НЭР ДЭВШҮҮЛЭХ НАЙМАН ХҮНЭЭ НЭМСНЭЭР ЗОГСОЖ МАГАДГҮЙ-

2022 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дүрмээр тус намын даргыг ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар сонгодог болгон өөрчилсөн аж. Учир нь С.Эрдэнийг АН-ын нийт гишүүдийн дунд сонгууль явуулж тус намын даргаар тодруулсан. Энэ нь АН-ыг нэг хүний мэдэлд урт хугацаанд нь өгчих эрсдэлтэй байсан тул ҮБХ-ны гишүүдийнхээ олонхын саналаар намын даргаа сонгодог өмнөх дүрэм рүүгээ буцсан гэсэн үг. Мөн АН-ын Алтангадас, МҮДН, Шонхор зэрэг фракцуудын үйл ажиллагаа нь сэргэсэн бол тус намын 1970 оны залуус нийлж “Од” фракц, 1980 оны залуус нь “Морьтон”, Увсын зарим иргэд нийлж “Анчин” зэрэг фракцуудыг бий болгоод байгаа аж.

Харин удахгүй болох АН-ын ротациар эдгээр фракцууд ҮБХ-нд олон суудалтай болохоор өрсөлдөх нь дамжиггүй. Тоонд хувааж үзвэл нэг фракцад 50-60 ҮБХ-ны гишүүн ногдож байгаа юм.

Тэгэхээр Х.Баттулгаас гарах “Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах” гэсэн санал бусад фракцаасаа дэмжлэг авч чадахгүй байх талтай. Тухайлбал, Х.Баттулгын МоАХ фракцтай Н.Алтанхуягийн Алтангадас фракц нийлэх магадлалтай бол бусад нь нийлэхгүй байх талтай ажээ. Иймд Х.Баттулгын энэхүү улс төрийн акц нөгөө талаар Л.Гантөмөртэй улс төрийн тохироонд хийж, барьцаа ахиулах зорилготой байхыг ч үгүйсгэхгүй байгаа аж. Учир нь Х.Баттулга АН-ын гэрчилгээг Л.Гантөмөрт өгөхдөө өөрийн найман хүнээ АН-аас УИХ-д дэвшүүлнэ гэж тохирч гэрчилгээгээ өгсөн гэх яриа бий. Харин одоо УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн тул дэвшүүлэх найман хүнийхээ тоог нэмэхээр “Л.Гантөмөрийг огцруулъя” гэсэн акцаар үр дүнд хүрэх гээд байж магадгүй байгаа аж.