С.Бямбацогт: Миний хувьд тойрогт нэр дэвшиж дүнгээ тавиулна

С.Бямбацогт: Миний хувьд тойрогт нэр дэвшиж дүнгээ тавиулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт " Миний хувьд жагсаалтад орохгүй. Тойрогт нэр дэвшиж ард түмнээр дүнгээ тавиулна. 48 гишүүн хувь тэнцүүлэх пропорционалиар сонгогдоно. Хармааны хүмүүсийг нэр дэвшүүлж, дарга дагаж гүйдэг, мөнгөтэй хүнийг хаалгаар биш тооноор оруулж ирдэг байж болохгүй. Тэгэхээр 48 хүнийг иргэдээр сонгуулах хэрэгтэй. Тэндээс олон санал авсан иргэдийг жагсаая. Шударга зарчим байх ёстой. Гэтэл яаж орох нь тодорхойгүй. Тэгсэн хэрнээ жагсаалтаар орсон хүн нь ямар ч зардал гаргахгүй, сонгуулийн сурталчилгааг нам нь хийгээд хойморт гэдсээ илээд хэвтэж байх юм байна л даа. Баастай бурхан гэж ярьдаг.  Ариун цагаан, нэр цэвэр шударга, урилга заллагаар орж ирсэн. Гуйж байгаад оруулсан биз дээ. Би мөнгө гаргахгүй гэдэг хүмүүс л орж ирэх нь. Тэр хүмүүс нь ард түмнээс сонгогдоогүй, сонгуульд хөлсөө урсгаж, зүтгэж  зүдэрч явж үзээгүй. Ард түмний өмнө нүүрээ улалзуулж, нүдээ бүлтийлгэж зогсоогүй. Амлалт аваагүй, үүрэг хүлээгээгүй, ийм хүмүүс орж ирчихээд нам өмнөөс нь бөхөлзөөд сурталчилгааг нь хийж өгөх нь. Ямар хүмүүсийг жагсаалтад оруулах гээд байгаа юм бэ. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж үг бий шүү. Туршлага гэж байх ёстой. УИХ-ын гишүүд нь 77 булчирхайгаа тоочуулсаар байгаад хамгийн муу нэртэй болчихсон болохоор их л цэвэрхэн, өндөг шиг, арилгасан сонгино шиг хүмүүс намаар зардлаар даалгаад орж ирэх нь зөв гэж үзэж байгаа юм байна л даа. Эцсийн эцэст ард түмнээр л сонгуулмаар байна ш дээ. Тодорхой болгомоор байна. Жагсаалтад ямар хүмүүс оруулах гээд байгаа юм, энийгээ хэлж өгөөч" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг "Намын сонгууль эрхэлсэн байгууллага чинь зөвхөн жагсаалтаар нэр дэвших хүмүүсийнхээ сурталчилгааг л явуулах юм уу" гэлээ. 

Харин Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн " Нэр дэвшигчдээ тодруулах асуудлыг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна" гэлээ. 

ҮЗЭХ: