УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих лобби бүлгийг байгуулжээ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих лобби бүлгийг байгуулжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Өчигдрийн /2023.06.09/ хуралдаанаар тус хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжсэнээр бусад гишүүдийн саналаар дэмжигдсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих лобби бүлэг байгуулсан байна. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн бичигтээ " Дэлхийн эдийн засгийн форумын 2022 оны дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын үзүүлэлтээр "Жендэрийн ялгаатай байдлын тайлан"-д дурдсанаар Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексийн үзүүлэлтээр дэлхийн 145 орноос 70 дугаарт, Улс төрийн эрх мэдэл, үзүүлэлтээр 113 дугаар байрт жагссан нь хангалтгүй үзүүлэлт болж байна. Олон улсын парламентын холбооны нэгдсэн мэдээллээс үзэхэд 2022 оны байдлаар нийт улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дунджаар 26.5 хувьтай байхад Монгол Улс 17.1 хувь байгаа нь Азийн бүс нутгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах тодорхой ажлууд хийсэн ч хэрэгжилт хангалтгүй байна. Иймд улс төрийн хүрээн дэх хүйсийн тэнцвэрийг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий гишүүд санал нэгдэн Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах лобби бүлэг байгуулснаа уламжилж байна" гэжээ