О.Цогтгэрэл: Ковидын үеийн төсвийн зарцуулалтаар Нээлттэй сонсгол хийнэ

О.Цогтгэрэл: Ковидын үеийн төсвийн зарцуулалтаар Нээлттэй сонсгол хийнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.  

ВИДЕО:

Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. 2023 оны төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Төсвийн тодотголоор тэтгэвэр тэтгэмж нэмж байгаа нь буруу биш. Үүнийг харин ямар эх үүсвэрээр нэмж байгаа вэ. Орлого баталгаатай юу гэх асуудлыг авч хэлэлцлээ. Нүүрсний борлуулалт харьцангуй оны эхний хагас харьцангуй гайгүй байсан. Гэвч сүүлийн найман сард тогтвортой буурч байна. Монгол Улсын төсөв нэг тонн нүүрсийг 140 доллараар тусгасан бол өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 120 орчим доллар болоод байна. Хагас жилд хэрхэхийг мэдэхгүй. Хоёр их наядын бэлэн мөнгөний нийлүүлэлтээс болоод үнэ ханшийн өсөлт, худалдан авалтын доройтол үүсвэл яах вэ гэх асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцлээ. Энэ байр сууриа цаашид илэрхийлнэ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ковидын үеэрх төсвийн зарцуулалт, ил тод байдлын талаарх асуудлыг авч хэлэлцлээ. Оюутолгой,  Эрдэнэт, Олон улсын байгууллагуудаас авсан мөнгөнүүд нэгтгэгдээд ямар дүнтэй байсныг ч бид мэдэхгүй байна. Ковидын жилүүдэд онцгой нөхцөл байдал гэдэг утгаараа тендергүй шууд худалдан авалтыг хийж байсан. Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ковидын үеийн төсвөөр нээлттэй сонсгол хийх АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийг маш яаралтай хангаж өгөх албан бичгийг  УИХ-ын даргад хүргүүлэхээр боллоо" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсгол хийх байсан. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаад, сонсголыг хийх хүсэлтэй байсан. 100-гаад хүнийг сонсгол дээр гэрчээр дуудах Түр хорооны хурлын үеэр Түр хорооны дарга Г.Ганболд зургаан цаг алга болсон. Сонсгол хийх өдрийн өмнөх гэрчийг зарлах хурал дээр шүү дээ. Зургаан цаг хүлээлгээд хүрч ирээд Нүүрсний сонсголыг хойшлуулъя гэдэг саналыг оруулж ирсэн. Ингээд Түр хорооны гишүүдээр санал хураалгаж, хойшлуулсан.

Түүнээс хойш хуралдахгүй байна. 6 цаг хаана байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр хүн намынхаа дарга нараас чиглэл аваад байж байсан юм билээ" гэлээ.