ШУУРХАЙ: "Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага"-ыг Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргаад "татгалзсан" хариу авчээ

ШУУРХАЙ: "Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага"-ыг Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргаад "татгалзсан" хариу авчээ

Улаанбаатар хотын дарга асан, өдгөө Нийслэлийн АН-ын хорооны даргын албан тушаалыг хашиж байгаа Э.Бат-Үүл саяхан /2023.05.01/, “Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг албан тушаалаас нь огцруулах” тухай шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргаад “татгалзсан” хариу авчээ. 

Тодруулбал, Нийслэлийн АН-ын хорооны дарга Э.Бат-Үүл шаардлагадаа, “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, иргэдийн эрх ашиг хохирсоор байх тул энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Д.Сумъяабазар нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Гэвч сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэн хотын засаг дарга болсон нь тухайн үедээ нийслэлчүүдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн.

Тэрээр “надад нэг жилийн л хугацаа өгчих” гэх түүний гуйлгад зарим иргэд итгэн хүлээсэн. 

Нийслэлд тулгамдаад буй авто замын түгжрэл, агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлт, төрийн үйлчилгээний хүнд сурталгүй байдлыг сайжирсангүй. Нийслэлийн иргэдийн аж байдлыг сайжруулахын төлөө зүтгэж байх хотын дарга Д.Сумъяабазар нь хувийн өр ширээ дарахын тулд иргэдийн сайхан амьдрах боломжоор наймаалцан гадаад улсад хувийн бизнес аяллыг иргэдийн татварын мөнгөөр хийж түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажил хийж байгаа мэтээр хувийн сурталчилгаа явуулж байгаа нь яавч хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдлүүд юм. Иймд Ерөнхий сайд та Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь нэн даруй огцруулж иргэдийн эрх ашгийг хамгаалан, хотын хөгжлийн төлөө шийдвэр гаргахыг шаардаж байна” гэжээ.

АН-ын хорооны дарга Э.Бат-Үүлийн "хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах" тухай шаардлагад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариу өгчээ

Харин түүний шаардлагыг хариуд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Засаг даргыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд томилдог. Засаг даргыг огцруулах үндэслэлийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2-т хуульчилсан бөгөөд Нийслэлийн Засаг даргыг огцруулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна” гэжээ. 

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө