Их Британийн улс төрч Д.Кавчинскигийн сонгуульд Ж.Ганбаатар сайд 10 мянган фунт стерлингийн хандив өгсөн байж болзошгүй байна

Их Британийн улс төрч Д.Кавчинскигийн сонгуульд Ж.Ганбаатар сайд 10 мянган фунт стерлингийн хандив өгсөн байж болзошгүй байна

Их Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниэль Кавчинскигийн улс төрийн сонгуульд нь зориулж түүний монгол дахь найз нь 10 мянган фунт стерлинг хандивласан талаар "The Guardian news"-д нийтэлжээ. Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тодруулбал, Даниэль Кавчинскиг манай улсад өнгөрсөн оны аравдугаар сар /2022.10/-д айлчилсан бөгөөд үүнийхээ дараа нь намынхаа холбоонд монгол найзынхаа өгсөн 10 мянган фунт стерлингийн хандивыг зөвшөөрүүлэхээр лоббидсон гэдэг нь баримтаар ил болсон юм.

Сонирхуулахад, НҮБ-ын Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн судалгаагаар улс орнуудын 70 хувь нь улс төрийн намуудыгаа гадаадаас сонгуулийн хандив авахыг нь хориглодог байна. Үүний адил Их Британи улсад ч гадаад хандивлагчдаас хандив авахыг хориглосон хууль, дүрэм журам олон жил мөрдөгдөж иржээ. Иймд Даниэл Кавчински сонгуулийн ажилдаа зориулан их хэмжээний хандив, мөнгөн тусламжийг монголын иргэнээс авсан нь хууль бус хэрэг болж байгаа юм. Манай улсын хувьд ч мөн сонгуулийн үеэр гадаадаас хандив, тусламжийг авахыг нэр дэвшигчдэд хориглодог. Хэрэв авсан тохиолдолд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлж, нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авах хуультай.

-ИХ БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН Д.КАВЧИНСКИ НЬ ХӨГЖИЛ БУУРАЙ ОРНЫ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ГЭЖЭЭ-

Иймд Их Британийн парламентын гишүүн Даниэль Кавчинскийн сонгуулийн ажилд нь зориулж манай улсын хэн гэж иргэн хувийн данснаасаа хандив өгөв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

Учир нь Даниель Кавчински дээрх асуудлын талаар, "Монгол найз маань хандивласан. Хувийн харилцаа болон миний элчийн үүрэг хариуцлага хоёр бол тусдаа асуудал" гэж мэдэгдсэн байгаа юм.

Иймд бид түүнийг манай улсад айлчлал хийхдээ ямар албан тушаалын хүмүүстэй уулзав гэдэг асуудлыг хөөж үзсэн юм. Даниель Кавчински Монгол Улсад аялах хугацаандаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарын хүмүүстэй уулзжээ.

Баримт бичигт дүн шинжилгээ хийгээд үзвэл Уул уурхай хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар түүнд 10 мянган фунт стерлингийн хандив өгсөн байх тун магадлалтай байгаа юм.

Учир нь Нью-Иоркийн "Таймс" сонинд нийтэлснээр  Даниэль Кавчински нь гадны ядуу буурай, хөгжил дорой улс орнуудад лобби хийх замаар уул уурхайн компаниас өндөр цалин авч, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг гэх ноцтой мэдээлэл нийтлэгджээ. Мөн уг нийтлэлд Монголд саяхан айлчилсан талаар нь дурдсан байгаа юм. Үүнээс үзвэл түүнд 10 мянган фунтыг сонгуульд нь зориулж хандивласан эрхэм Монголын уул уурхайн салбарын нэлээд нэр нөлөө бүхий эрхэм гэж үзэх үндэслэл байна.

Даниель Кавчински хэлэхдээ, "Би улс төрийн санхүүгийн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж, Сонгуулийн хорооноос зөвлөгөө авсан. Гадны улсаас хандив авах нь зохисгүй зүйл боловч олон жил танил байсан, хандив өгөх чадвартай найзаасаа авах нь маргаангүй асуудал. Үүнийг хууль зөрчсөн гэх үндэслэл бага" гэж мэдэгджээ. Түүнд 10 мянган фунт стерлинг хандивласан, олон жилийн өмнөөс найзалсан найз гэх эрхэм Ж.Ганбаатар сайд гэх асуудал эргэлзээтэй боловч олон улсын хэвлэлд гарсан олон баримт бичигт тулгуурлан үзэхэд түүнийг байж магадгүй гэх үндэслэл байгаа.