ЧУУЛГАН: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хүүхэд бүрт мөнгө олгох 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

ЧУУЛГАН: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хүүхэд бүрт мөнгө олгох 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны зургадугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэзр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, Б.Баттөмөр нар асуулт асууж, Засгийн газрын гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 52.9 хувь нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 52 гишүүний 75 хувь нь дэмжснээр дээрх хуулийн төсөл батлагдсан юм.

Хуулийн 7 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хуулийн 7 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг 2023 оны зургадугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн талаар товч дурдвал төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэг хуулиар зохицуулах, төрийн албан хаагчийн тоог үндэсний ажиллах хүчний тоотой уялдуулан тогтоох, төрийн албан хаагчийн үндсэн цалин ба нэмэгдлийн харьцааг оновчтой болгох зэрэг зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бууруулан тооцох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан байна. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан хүнийг томилж болох, энэ тохиолдолд агентлаг нь дэд даргатай байх зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллагуудаас ирүүлж байгаа санал, хүсэлтийг харгалзан хэмнэлтийн зарим зохицуулалтыг өөрчлөх санал боловсруулжээ. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс эдгээр байгууллага автомашинтай байхаар хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссан байвал зохих хугацааг хойшлуулах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.

Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгой анхаарч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан залуучуудын хөгжлийг дэмжих төрийн чиг үүргийг цаашид иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тооцож Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэчлэлийг хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулах, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн судалгаа хийх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгааг харгалзан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үйлчлэлийг хойшлуулах, төрийн өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд бага зардлаар өндөр бүтээмж бүхий технологи, шинэ бүтээл нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Б.Жавхлан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Түүнчлэн, нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглан иргэдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газар зүйн байрлал харгалзахгүй үзүүлэхтэй холбогдуулан Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт олгох, мөн 2023 оны 1-6 дугаар саруудад хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх буюу 64.0 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.

Сангийн сайдын танилцуулга, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Д.Ганбат, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Т.Доржханд, Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Саранчимэг нар асуулт асууж, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Үзэл баримтлалын хүрээнд Төсвийн байнгын хорооноос хэлэлцэхийг дэмжсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 65.5 хувь нь, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хувиар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 69.1 хувь нь дэмжив. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 67.3 хувь нь, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 70.9 хувь нь, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын 37 гишүүн тус тус дэмжив. “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувийн саналаар, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувийн саналаар дэмжсэн.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төсвийн байнгын хороо дэмжээгүй бөгөөд эл саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.