ШИНЭ намыг Үнэн ба зөв намтай эвсэл болгож, тэргүүнээр Ж.Батзанданг ажиллуулж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцуулах зургийг МАН зуржээ

ШИНЭ намыг Үнэн ба зөв намтай эвсэл болгож, тэргүүнээр Ж.Батзанданг ажиллуулж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцуулах зургийг МАН зуржээ

“МАН-ын томчууд зөрчилдөж эхэлсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гэх хүмүүс, дээр нь УИХ, Засгийн газар дахь фракц, бүлэглэлүүд нууцаар уулзалдах болсон. Ингэхдээ нийслэлээс гарч, бүр алс хязгаар бөглүүд газруудад амралт сувилалд сувилуулах нэрээр, аймгуудын тэмдэглэлт ойд уригдах завшаанаар уулзалтуудаа хийсэн нь ил болцгоосон” хэмээн Өдрийн сонин саяхан мэдээлсэн. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ХӨВСГӨЛ НУУРТ ОЧИХ ҮЕЭР Д.АМАРБАЯСГАЛАН ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД ОЧИЖ УУЛЗЖЭЭ-

Тэгвэл саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах явцтай танилцаж, тус аймагт ажиллах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүд очиж, уулзалт хийжээ. Харин тус уулзалтыг эх сурвалжууд, эв нэгдлийн уулзалт байсан гэж тайлбарлаж байгаа бол, нөгөө нь МАН-ын дотоод зөрчил хурцадсан, үүнд “цэг тавих” хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тул Засгийн газар, УИХ-ын зарим гишүүд Хөвсгөл аймагт очсон хэмээж байгаа юм.  Ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хөвсгөл нуурт ажиллах үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар байгаа нь бичлэгт харагддаг. Харин тэдэнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байсан гэдгийг олон эх сурвалжууд баталж байна.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, нэр цэвэр, элдэв хэл аманд орж байгаагүй залуучуудад “МАН-ын жагсаалтад оруулъя” гэсэн саналыг тавьж байгаа ажээ. 

-ШИНЭ НАМ, ҮНЭН БА ЗӨВ НАМЫГ ЭВСЭЛ БОЛГОЖ ТЭРГҮҮНЭЭР НЬ Ж.БАТЗАНДАНГ СОНГОНО-

Тэгвэл УИХ-ын сонгуулиудад улс төрийн жижиг намууд бусдын саналыг хуваахын эвсэх, бие даах байдлаар оролцдог. Тухайлбал, Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам буюу ШИНЭ нам гэгчийг байгуулж 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын саналыг хуваахаар оролцож байсан. Магадгүй үүнийхээ төлбөрт Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсад элчин сайдаар сууж байгаа бол, Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдон ажилласан. 

Харин 2024 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдах ба УИХ-ын 48 гишүүнийг намын жагсаалтаар, 78 гишүүнийг тойргоос сонгох юм. Сонирхолтой нь холимог системээр явагдсан сонгуульд бие даагч сонгогдох нь тохиолдол бага, нөгөөтэй жижиг намууд эвсэж орсон тохиолдол саналын дүнд жин дарна гэж үздэг.

Иймд өрсөлдөгч намынхаа саналыг хувааж ялалт байгуулахын тулд эрх баригч МАН-аас жижиг намуудыг эвсүүлж, эвсэлд нь “Ардчилал” гэсэн нэр өгөөд сонгуульд оролцуулах тохироо, менежментийг хийж эхэлсэн аж.

Тухайлбал, Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намыг А.Отгонбаатарын Үнэн ба Зөв намтай эвсэл болгон 2024 оны сонгуульд оролцуулах тактикийг боловсруулаад байгаа аж. Харин “Шинэ нам, Үнэн ба зөв нам” эвслийн тэргүүнээр Ж.Батзандан ажиллах юм. Ямартай ч МАН-ын томчууд хөдөө гарч уулзалтаа хийж, нэр цэвэр залуучуудыг жагсаалтад оруулах санал тавьж, цаашлаад жижиг намуудыг эсвэл болгон сонгуульд оролцуулж санал хуваах зэрэг сонгуулийн менежментийн ажилдаа ороод байгаа сурагтай.