АНУ-аас хээрийн эмнэлгийн үйлчилгээ, тусламж үзүүлэх багийг Монгол Улсад илгээжээ

АНУ-аас хээрийн эмнэлгийн үйлчилгээ, тусламж үзүүлэх багийг Монгол Улсад илгээжээ

Энэ оны наймдугаар сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Номхон далайн элч 23” бэлтгэл сургуулилтын хүрээнд АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн командлалаас хээрийн эмнэлгийн үйлчилгээ болон анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх багийг Монгол Улсад илгээсэн байна. 

Эдгээр ангиуд Монголд байршиж ажиллаж буй нь бүс нутгийн цэрэг, байгууллага хоорондын болон иргэний онцгой байдлын хариу арга хэмжээ, гамшгийн менежментийн мэргэжилтнүүд хоорондын харилцан хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж. 

АНУ-ын Агаарын цэргийн командлал, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлал, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус, АНУ-ын хуурай замын цэргийн командлалын 60 гаруй албан хаагчид хүмүүнлэгийн тусламж болон гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, Эрүүл мэндийн яамтай хамтран эмнэлгийн тусламж үзүүлэх, барилга-инженерийн засварын ажил хийж байгаа аж. 

“Номхон далайн элч-2023” бэлтгэл сургуулилтын зорилго нь АНУ болон хүлээн авагч улсын зэвсэгт хүчин, иргэний эмнэлэг, инженерийн ажилтнууд болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадварыг хөгжүүлэхэд оршдог байна. 

“Номхон далайн элч” гэх мэт онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангуулах, улмаар бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой бэлтгэл сургуулилтуудаараа дамжуулан АНУ-ын цэргийн хүчин Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн холбоотнууд болон түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлсээр байна гэж манай улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамнаас мэдээлжээ. 

Мөн “Номхон далайн элч-23” бэлтгэл сургуулилтыг 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ улиралд хоёр бүс нутагт ажиллах юм. “Номхон далайн элч 2023” бэлтгэл сургуулилтад эрэн хайх, аврах, ерөнхий болон шүдний эрүүл мэндийн үзлэг, яаралтай тусламжийн үзлэг, хохирогчдыг нүүлгэн шилжүүлэх, халдварт өвчний хяналт, инженер засварын хөтөлбөр, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, засвар зэрэг багтана гэсэн байна.