Л.Гантөмөр 49 хүнийг АН-ын Дэд дарга, Зөвлөлийн гишүүн, Тамгын дарга гэсэн албан тушаалд өчигдөр томилоод, Генсекээ өөрөө мэдэхээр тохирчээ

Л.Гантөмөр 49 хүнийг АН-ын Дэд дарга, Зөвлөлийн гишүүн, Тамгын дарга гэсэн албан тушаалд өчигдөр томилоод, Генсекээ өөрөө мэдэхээр тохирчээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал өчигдөр /2023.08.28/ өдөр 12:00 цагт эхэлж, орой 23:00 цагт дууслаа. Товчхондоо, Л.Гантөмөр “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” гэгчээр хэнийг ч гомдоолгүй, амтай болгонд АН-ын албан тушаалуудыг өгсөн юм. Харин тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аа хэнтэй ч тохирохгүй, өөрөө мэдэж томилохоор тогтжээ.  

-Х.БАТТУЛГА ХАМГИЙН ОЛОН ХҮНЭЭ АН-ЫН ДЭД ДАРГА БОЛГОСОН БОЛ, С.ЭРДЭНЭ ӨӨРӨӨ АН-ЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОВ-

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгосон Ш.Түвдэндорж, Х.Пүрэвхатан, О.Алтангэрэл, П.Галиндэв гэсэн дөрвөн хүнийг, мөн АН-ын дарга асан С.Эрдэнээс нэрийг нь өгсөн Ц.Уртнасан, МҮДН фракцын Р.Амаржаргал, МоАН фракцын П.Батчимэг, Хангарьд фракцын И.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын зүтгүүлсэн Э.Одбаяр болон АН-ын 1970, 1980 оны залуусын төлөөлөл болох Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Ж.Баярмаа, Ц.Жадамба, С.Буянжаргал, Ш.Жандос нарын нийт 15 хүнийг АН-ын дэд даргаар батламжилсан юм. 

АН-ын Улс төрийн зөвлөлд С.Эрдэнэ нар батлагдав.

Харин АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүнээр АН-ын дарга асан С.Эрдэнэ, Монголын үндэсний АН-ын дарга асан Д.Ганболд, АН-ын ЕНБД асан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Б.Байсен, Ш.Адьшаа, Д.Ганбат болон Сүхбаатар дүүргийн засаг дарга Б.Болормаа, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар, АН-ын ҮБХ-ны гишүүн И.Нарантуяа, н.Чимэддорж, И.Жавзанпагма, Л.Даваасүрэн, н.Баянмөнх, Б.Пүрэвдаваа, Ц.Батхуяг, Ц.Одонтунгалаг, н.Пунцаг нарын 22 хүнийг нэр санал болгож, батламжлуулсан.

Сонирхуулахад, АН-ын дэд дарга болсон 15 гишүүний ихэнх нь залуучууд бөгөөд тэд тус албан тушаалаараа улс төр хийж, ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх аж.

Харин АН-ын Улс төрийн зөвлөл нь тус намын улс төрийн бодлогыг гаргах бөгөөд тэднийг АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт удирдах ажээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн тэргүүлж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяаг баталсан юм. 

-Л.ГАНТӨМӨР 49 ХҮНИЙГ АЛБАН ТУШААЛД ТОМИЛООД ЕНБД-АА ӨӨРӨӨ МЭДЭЖ ТОМИЛОХООР БОЛЖЭЭ-

Дээрх албан тушаалаас гадна АН-ын Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүний тав, Үндсэн дүрмийн хорооны таван гишүүнийг шинэчлэн баталж, өмнөх 20 гишүүнийг нь хэвээр нь үлдээсэн юм. Товчхондоо, өчигдөр болсон АН-ын ҮБХ-ны хурлаар Тэргүүн дэд дарга нэг, Дэд дарга 15, Улс төрийн зөвлөлийн гишүүн 22, Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хорооны нийт 10 гишүүн, Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга нэг гээд нийт 49 хүнийг албан тушаалд томилсон юм.

Харин өчигдөр болсон хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа томилно гэсэн ч Ж.Батсуурийн тушаал гарсан ч АН-ын дарга Л.Гантөмөр тус албан тушаалд нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг ҮБХ-ны хуралдаа оруулж ирээгүй юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томилно” хэмээн тэд, ярилцаж тохироод байсан ч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг зүтгүүлсэн олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан тул С.Баярцогтыг АН-ын тэргүүн дэд даргаараа сонгож, Л.Гантөмөр ЕНБД-аа өөрөө мэдэж томилохоор болсон” гэх мэдээлэл байна.