Ц.Туваан АН-ын генсект Э.Одбаярыг зүтгүүлээд гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан тул, одоо С.Эрдэнэболдыг шахаж эхэлжээ

Ц.Туваан АН-ын генсект Э.Одбаярыг зүтгүүлээд гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан тул, одоо С.Эрдэнэболдыг шахаж эхэлжээ

Энэ долоо хоногийн даваа гараг /2023.08.28/-т АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Дэд даргаараа 15 хүнийг, Улс төрийн зөвлөлдөө 22 хүнийг, Дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороондоо 10 хүнийг гээд нийт 49 хүнийг АН-ын албан тушаалд томилсон. Тодруулбал, анх “найман дэд дарга”-тай байна гэж төлөвлөөд байсан АН-ын дарга Л.Гантөмөрийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн дөрвөн хүнээ дэд дарга болго гэж шахсан гээд олон фракц, бүлэглэлийнх нь шахаа явсаар эцэстээ 15 дэд даргатай болжээ.

-АН-ЫН БҮЛЭГЛЭЛ, ФРАКЦУУДЫН ШАХАА ЯВСААР НАЙМАН ДЭД ДАРГЫГ 15 БОЛГОН НЭМЖЭЭ-

Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдож, нэр хүнд нь нэлээдгүй унаад байгаа Л.Гантөмөр үнэндээ АН доторх бүх фракц, бүлэглэлээ “тэврэх тактик” хэрэглэж, нөгөө “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” гэгчээр хэнийг ч гомдоолгүй албан тушаал өгч байгаа аж. Үнэндээ түүнд энэ олон хүмүүст АН доторх албан тушаалуудыг өглөө гээд нээх гарзтай зүйл байхгүй. Учир нь тэд бүгд АН-аас нэг ч төгрөгийн цалин авахгүй, харин ч үйл ажиллагааг нь санхүүжүүлэх хандив, мөнгө олж өгөх үүрэг хүлээнэ. 

Үүнээс гадна эдгээр 49 албан тушаалтнуудыг 2024 оны УИХ-ын сонгуулиар заавал жагсаалтад оруулах ёстой гэсэн тулгалтад Л.Гантөмөр орохгүй, статусын хувьд тийм ч өндөр үүрэгтэй албан тушаалтнууд биш. 

Харин эдгээрээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол тэс өөр. Энэ албан тушаалд томилогдох хүн АН-ын өдөр тутмын үйл ажиллагаа, бодлогыг барихын зэрэгцээ, сонгуулиар намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэж, УИХ-ын гишүүн болох магадлал тун өндөр. Иймээс сая болж өндөрлөсөн ҮБХ-ны хурлаараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хүнийхээ нэрийг оруулж, батлуулахгүй гал унтрааж, нөгөө хүнээ ч ҮБХ-ны гишүүд дотроо жаахан ажиллах хугацааг Л.Гантөмөр өгчээ. 

-Ц.ТУВААН АН-ЫН ЕНБД-ААР Э.ОДБАЯРЫГ ШАХААД ДЭМЖЛЭГ АВААГҮЙ ТУЛ, ОДОО С.ЭРДЭНЭБОЛДЫГ ЗҮТГҮҮЛЖ, Л.ГАНТӨМӨР ТҮҮНД ҮБХ-НЫ ГИШҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАХ ХУГАЦААГ ӨГЧЭЭ-

Тодруулбал, өнгөрөгч долдугаар сар /2023.07/-д хуралдах гээд чадаагүй ҮБХ-аар УИХ-ын гишүүн Ц.Тувааны шахсан Э.Одбаяр гэх залууг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар батлуулах гэж байсан ч, нөгөөх нь намынх гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул арга буюу хурлаа энэ сарыг хүртэл хойшлуулсан юм байна. 

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр найз Э.Одбаярынхаа талаар ийнхүү жиргэж байжээ

Сонирхуулахад, АН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан Э.Одбаярыг анх С.Эрдэнийн хүү Одбаяр тус намд оруулж, аавыгаа АН-ыг удирдаж байх үед нь Хэрэг эрхлэх газрын дарга болтол нь дэвшүүлжээ. Гэтэл найз Э.Одбаяр нь АН-д С.Эрдэнийн доор ажиллах хугацаандаа намынхаа мөнгөөр казино тоглосон, бусдаас их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй зэрэг асуудалд нэр холбогдсон байна. Иймд АН-ын гишүүдээс дэмжлэг авахгүй, эсэргүүцэлтэй нь тулгараад буй Э.Одбаярт арга буюу “дэд дарга” гэсэн сэтрийг Л.Гантөмөр сая болсон /2023.08.28/ хурлаараа зүүж өгчээ.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Эрдэнэболдын нэрийг оруулах гэж байгаад Л.Гантөмөр буцсан байна. Учир нь С.Эрдэнэболдыг УИХ-ын гишүүн Ц.Туваан болоод “Нэг монгол” гэх хөдөлгөөнөөс нь шахсан аж. Харин даваа гараг  /2023.08.28/-т болсон хурлаар ҮБХ-ны гишүүдийн ихэнх нь дэмжихгүй төлөвтэй байсан тул “түр гал унтрааж”, мөн С.Эрдэнэболдыг намынхаа гишүүд дотор ажиллах хугацааг өгчээ. 

Сануулахад, Ц.Тувааны санаачилгаар “Нэг монгол” гэх хөдөлгөөн АН дотор байгуулагдаж, даргаар нь түүнтэй хурдан морины нэг гал, дотын найз УИХ-ын гишүүн Н.Ганибал нь тавигдсан байдаг. Харин тус хөдөлгөөн нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины “нэгдмэл орос хөдөлгөөн”-ийг хуулбарласан Х.Баттулгын санаачилга гэж зарим иргэд шүүмжилж буй аж. Ингэхээс аргагүй, учир нь Х.Баттулгыг хөдөө аж ахуйн сайд байхад Ц.Туваан түүний дэд сайд, Н.Ганибал газар, хэлтсийн дарга байсан гэдэг. Нөгөө талаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгохоор тус намын эмэгтэйчүүд нэлээдгүй гүйлдэж байгаа аж. Харин З.Нарантуяа бусадтай таарамж муутай тул дэмжлэг авч чадахгүй байгаа ажээ.