Х.Баттулгын "бүс нутгийн хэмжээ"-нд болгон доройтуулаад байсан Монголын гадаад харилцааг засаж, Франц, Польш, Ватиканы төрийн тэргүүнүүдийг У.Хүрэлсүх уриллаа

Х.Баттулгын "бүс нутгийн хэмжээ"-нд болгон доройтуулаад байсан Монголын гадаад харилцааг засаж, Франц, Польш, Ватиканы төрийн тэргүүнүүдийг У.Хүрэлсүх уриллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын пап, Ватикан Улсын төрийн тэргүүн Францис энэ өдрүүдэд манай улсад айлчилж, дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтуудын анхаарлын төвд Монгол Улс ороод байна. Эх орноороо бахархах, ондооших энэ мэдрэмжийг монголчууд бид 2017-2021 оны хугацаанд л лав аваагүй.

-“Х.БАТТУЛГА БҮС НУТГААР АЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ОЛЖ АВСАН ГАДААД НЭР ХҮНИЙГ ДОРОЙТУУЛЖ БАЙНА” ГЭЖ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ДҮГНЭЖ БАЙВ-

Учир нь 2017-2021 оны хугацаанд Ерөнхийлөгчөөр “Монгол ялна” уриатай Х.Баттулга ажилласан бөгөөд тэрээр Монгол Улсын сүүлийн 30 жилийн хугацаанд гадаад харилцаандаа олсон амжилтуудыг үгүй хийж, засаглалын хувьд ч өөрчлөх гэж оролдсон. Тодруулбал, Монгол Улс ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх талаар санал асуулга явуулна хэмээн мэдэгдэж, улмаар цаазын ялыг сэргээж, шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагуудыг өөрийнхөө тэргүүлдэг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилж, чөлөөлдөг болно гэж байв.

Харин BTI /Bertelsmann Stiftung/-ийн “өөрчлөлтийн индекс 2020” судалгааны тайланд “Ерөнхийлөгч Х.Баттулга нь Олон улсын форум, НҮБ-ыг тун бага сонирхдог. Тэрээр НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд оролцдоггүй,  ихэнхдээ бүс нутгаар айлчилж байгаа нь Монгол Улсын олон улсын тавцанд олж авсан нэр хүндийг доройтуулж байна” гэж дүгнэсэн байдаг.

Х.Баттулга Азербайжанд жүдо бөх үзэж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзаж байв. 2018.09

Учир нь Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Унгарын нийслэл Будапешт, Азербайжаны Баку хотуудад болсон жүдо бөхийн тэмцээнүүдийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хамт үзэж байсан бол, мөн 2018 онд АНУ-д төрийн айлчлал хийн, тус улсын ерөнхийлөгч асан Д.Трамптай уулзахдаа, “ОХУ-ын  Сибирь шатаж байна. Та В.Путин ерөнхийлөгчтэй утсаар яриач” хэмээж байв.

Мөн үүнийг нь сүмо бөхийн аварга Д.Дагвадорж өөгшүүлж, “Трамп ерөнхийлөгчид Сибирь шатаж байна. Та Путин ерөнхийлөгч рүү залгаач гэж хэлэх том зүрх шүү. Трамп шууд ярьж байна лээ. Би улсынхаа ерөнхийлөгчөөр бахархана” хэмээж байв. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг манай улсад 2019 оны есдүгээр сарын 03-нд манай улсад айлчлахад “бүх нийтийн амралтын өдөр” болгож байв. Товчхондоо, Х.Баттулгын үйлдлүүд манай улсын гадаад харилцаанд асар их муу нөлөө үзүүлж байсныг үгүйсгэхгүй, монголчууд урт түүхийн хугацаанд түүнийг шүүх болно. 

-Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ГЕРМАН, ЭНЭТХЭГ, ЯПОН, ХЯТАДЫН ТӨРИЙН ТОМЧУУД АЙЛЧИЛЖ БАЙСАН БОЛ, У.ХҮРЭЛСҮХ ҮҮНИЙГ ФРАНЦ, ПОЛЬШ, ВАТИКАНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙН АЙЛЧЛАЛААР ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА- 

Монгол Улсын Үндсэн хуулийн 10.1-д, “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан. Хэрэв өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол, Үндсэн хуулийн энэ заалт зөрчигдөж ч магадгүй юм. 

“Халхын заяа их” гэгчээр 2021 онд Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болсноор Монгол Улсын гадаад харилцаа, гуравдагч хөршийн бодлого дахин сэргэж эхэлсэн гэж болно.

Товчхондоо, Ц.Элбэгдоржийн үед шуугиулж байсан Монгол Улсын гадаад харилцааг У.Хүрэлсүх үргэлжлүүлэн сэргээж байна. Учир нь Ц.Элбэгдоржийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажилласан 2009-2017 оны хугацаанд Германы канцлер А.Меркель, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Японы ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ гээд дэлхийн томчуудад манай улсад төрийн айлчлал хийдэг байсан. Мөн Ц.Элбэгдоржийн Ази, Европын орнуудын Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага болох АСЕМ-ын уулзалтыг монголд зохион байгуулж байв.

Харин 2021 оноос эхлэн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах болсноос хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Ромын пап Францис гээд дэлхийд нөлөө бүхий эрхмүүд манай улсад айлчлал хийж, монгол орныг дэлхийн хүн төрөлхтөн харж байна.